Сүхбаатарчууд түймэртэй тэмцэх хандивын аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-16 15:44:15
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол оронд учраад буй байгалийн гамшиг болох гал түймэр олон хүний сэтгэлийн эмзэглүүлж, тэр хирээрээ иргэд түймрийн голомтонд ажиллаж байгаа хүмүүст туслах аяныг орон даяар өрнүүлээд байгаа. Энэхүү аянд Сүхбаатарчууд ч мөн нэгдэж хагас өдрийн хугацаанд цуглуулсан мөнгөн хандиваа аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Түймрийн голомтонд ажиллаж буй иргэдэд туслах аян маш эрчимтэй явагдаж байна. Баялаг бүтээгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын зүгээс тус аяныг орон нутагтаа өрнүүлж, ард иргэдээ нэгдэхийг уриалжээ. 07 дугаар сарын 16-ны өдрийн 10-аас 13 цаг хүртэл үргэлжилсэн хандивын аянд 346200 төгрөг, нэг кроп цэвэр усыг ард иргэд хандивлажээ. Иргэдээс ирсэн энэхүү хандивыг зохион байгуулагчид аймгийн ОБГ-т хүлээлгэн өгсөн байна.
Хэдий хандив цуглуулах аян ямар ч мэдээлэл сурталчилгаагүйгээр, богино хугацаанд үргэлжилсэн ч хандивын хайрцагтай таарсан хүн бүр эх орноо, байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлээр хандив өргөж байсныг зохион байгуулагчид онцолж байлаа.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ