Үхсэн зээрийн сэг зэм устгах техник хэрэгсэл дутмаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-17 10:17:30
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар суманд их хэмжээгээр харангадаж үхсэн цагаан зээрийн сэг зэмийг устгах, ариутгал халдавргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаад иржээ. Харангадаж үхсэн 1200 гаруй зээрийг нүхэнд хийж устгасан байна. Цаана нь даруй устгах шаардлагатай 1000 гаруй үхсэн зээр байгаа аж. Гэхдээ үхсэн зээрийн сэг зэмийг бүрэн устгах техник хэрэгсэл дутмаг байгаа юм байна.

Сүхбаатар суманд цагаан зээр их хэмжээгээр харангадаж үхэж байгаатай холбоотойгоор нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шаардлагатай арга хэмжээ авах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлын хэсэг аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн албаны эмч мэргэжилтэнүүд багтжээ.

Ажлын хэсэг тус сумын нэг болон гуравдугаар багийн газар нутгаар явж нөхцөл байдалтай танилцжээ. Нэгдүгээр багийн нутагт гэхэд 1200 гаруй цагаан зээр үхсэн байсныг нүхэнд бөөгнүүлж, ойр хавийн газраар ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Уг нь нүхэнд хийсэн үхсэн зээрийг булж устгах шаардлагатай ч техник хэрэгсэлгүй учир чадаагүй, даруй булж устгах шаардлатай. Мөн гуравдугаар багийн нутагт үхсэн 1000 гаруй зээрийг устгалд оруулах шаардлагатай гэдийг аймгийн Байгаль орчны газраас мэдэгдлээ.

Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын зааг, Баяндэлгэр, Халзан, Уулбаян сумдын зааг нутгаар мөн цөөн тооны зээр үхсэн гэнэ. Одоогоор Сүхбаатар суманд хамгийн их зээр үхээд байгаа бөгөөд энэ сарын 08-нд орсон сүүлийн борооноос хойш дахин зээр үхээгүй байгаа юм байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ