Спортын таван төрөлтийн аваргууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Спорт хамтлаг”-аас жил бүр уламжлал болгон явуулж буй спортын таван төрөлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд тус тамгын газрын Спорт зааланд болж өндөрлөв.
Тэмцээн гар бөмбөг, сагс, шатар, даам, буухиа зэрэг төрлөөр явагдлаа. Төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдын дунд зохион байгуулсан уг тэмцээнд нийт найман баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Аудитын баг тэргүүн байрт шалгарч шилжин явах цом, мөнгөн шагнал хүртлээ. Тэмцээний дэд байрыг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг, Мэдээлэл технологийн албаны хамтарсан баг, гуравдугаар байрыг Статистикийн хэлтэсийг багууд тус тус эзлэв. “Энэ удаагийн тэмцээн нь нийтийн биеийн тамирын хөдөлгөөнийг өрнүүлж тамгын газрын ажилтан, алба хаагчдын амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж бие бялдар эрүүл мэндийг нь хамгаалж эвсэг хамт олныг бүрдүүлэх зорилгоор зохион байгууллаа” гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл, Технологийн албаны мэдээллийн ажилтан н.Мөнхгэрэл ярилаа.
Б.Норовсамбуу