Сүм Хөх бүрдийн музей үүдээ нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-19 10:37:45
Дундговь/МОНЦАМЭ/ Сүм Хөх бүрдийн нуурын эрэгт аймгийн музей үзмэрээ дэлгэдэг боллоо. Музей нь Сүм Хөх бүрдийн цогцолборын бүрэлдэхүүн хэсэг тул Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ- т харъяалагддаг. Гэхдээ үйл ажиллагааг нь аймгийн музей хариуцан, жил бүрийн зун, намар үзмэрээ дэлгэж байх ажээ.
Адаацаг сумын нутаг дахь Сүм Хөх бүрдийн эртний түүх, соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын цогцолбор болгох зорилгоор орон нутгийн хөгжлийн сангаас хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулан хоёр жилийн өмнө нуурын усыг нь сэргээх бүтээн байгуулалт эхэлсэн. Гүний худгаас нуурын усыг тэжээх шугам хоолой татан нуурын дунд завиар аялах суваг хийсэн бөгөөд үүний зэрэгцээ аялагчдын тохь тухыг хангах зориулалтаар үйлчилгээний төв, спорт тоглоомын талбай, автомашины зогсоол, явган аялах зам, талбай зэрэг хэд хэдэн байгууламжийг нуурын эрэгт барьсан юм. Үүний нэг нь нуурын хойд эрэгт орших эртний балгасны дэргэд барьсан музейн барилга.
Сүм хийдийн барилгын хэв маяг шингээж барьсан уг музейг энэ сарын 11- нээс анхлан нээсэн байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд Сүм Хөх бүрдийн цогцолборыг дотоодын аялагчид олноор зорин ирсэн бөгөөд шинэ музей тэдний сонирхол татсан хэсэг байжээ.
 “Аймгийн музейд хадгалагддаг байгаль, ан амьтадын болон угсаатны зүйн 100 гаруй үзмэр дэлгэсэн. Эртний урлал хийцтэй, сархинаг тоонотой гэр, орчин үеийн хийц бүхий монгол гэр хоёрыг зэрэгцүүлэн, дотор тавилга, эд зүйлстэй нь барьсан нь ялангуяа хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байна” гэж музейн захирал М. Бямбажав ярилаа.
Цаашид музей жил бүрийн зургадугаар сарын нэгээс 10 дугаар сарын нэгэн хүртэл  ажилладаг байх ажээ.
 
Т. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ