Малороссия гэдэг улсыг байгуулсан тухай мэдэгдэлд сэтгэл түгшиж байгаагаа АНУ-ын Төрийн Департамент илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-19 15:38:48
ВАШИНГТОН./TASS/. Малороссия /Бага Орос/ гэдэг улс байгуулсан тухай мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын Төрийн Департамент сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлдэг тус Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мэдэгдлээ.  

“Салан тусгаарлагчид гэгдэж буй хүмүүс Украин улсын оронд шинээр улс байгуулахыг хүсч байна. Энэ нь бидний санааг зовоож байгаа нь мэдээж” гэж тэрбээр хэлжээ. Үүний сацуу Науэрт тэмдэглэн хэлэхдээ “үүгээр би хэлэх үгээ хязгаарлаж байна. Малороссия гэдэг улсыг байгуулсан тухай мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөхгүй” гэв.

Болсон үйл явдлын талаар сануулан дурдахад, 18-ны өдөр болсон Донецк хотын олон нийтийн хурлын үеэр Украины хэд хэдэн бүс нутгийг хамруулан Малороссия хэмээх шинэ улсыг байгуулах төслийг танилцуулсан байна. Хурлын төгсгөлд хоёр баримт бичгийг баталсан нь Улс төрийн тунхаглал болон Үндсэн хуулийн акт юм. Төслийг санаачлагчдын үзэж байгаагаар, уг төслийг хэрэгжүүлснээр иргэний дайныг зогсоож, дахин олон хүн амь эрсдэхээс сэргийлэх боломжтой ажээ.   

Харин Донецктой хил залгаа өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард улс уг төсөлд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү санаачилгын талаар холбоо барих бүлэг дэх ОХУ-ын Ерөнхийлөгч тусгай төлөөлөгч Борис Грызлов хэлэхдээ “энэ төсөл Минскийн хэлэлцээрийн үйл явцад хамаарахгүй” гэсэн юм.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ “энэ бол өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард улсын тэргүүн Александр Захарченкогийн өөрийнх нь хувийн санаачилга юм. Харин ОХУ-ын хувьд Минскийн тохиролцоог мөрдсөн хэвээр байх болно” гэлээ.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ