Автобусны шинэ зогсоолтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Улаангом хот дотор хоёр чиглэлд нийтийн автобус үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэхүү автобусны үйлчилгээг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани хариуцаж ажилладаг. Уг нь бол Улаангом хот дотор хэд хэдэн чиглэлд автобусны зогсоол байдаг. Тэгвэл “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хамт олон аймгийн төв гудамж буюу Хөдөлмөрийн дээд сургуулийн дэргэдэх автобусны зогсоолыг шинэчилж, шилэн хашлагатай болгосон байна. 2013 онд гурван газарт шилэн хашлагатай автобусны зогсоол барьсан ч ухамсар дорой иргэдийн хор уршгаар эвдэж сүйтгэгдсэн юм. Иймээс шинээр барьсан шилэн хашлагатай автобусны буудлыг эвдэж сүйтгэхгүй байвал сайн байна хэмээн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хамт олон хэлж байна. Ямартай ч аймгийн гудамж талбай камертай болсон тул автобусны буудлыг эвдэж сүйтгэлээ гэхэд эзэн нь олдох магадлал өндөр юм.
Б.Замбал