Хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх онд үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 17:45:00

Дундговь аймгийн ЗДТГ ирэх 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг иргэдээс авч байна.

Саналын хуудсанд 40 ажил жагсаасан бөгөөд үүнд 2015 онд хийхээр баталсан томоохон ажил, тухайлбал Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэн барих, өвлийн нарлаг хүлэмж, үнээний фермер, сүү боловсруулах үйлдвэр байгуулах, Сүм Хөх бүрдийн байгаль орчны нөхөн сэргээлт хийж, дэд бүтэц цахилгаан дамжуулах шугам барих зэрэг ажил дахин тусгагдсан бөгөөд үүнийг ирэх онд дуусгана гэсэн чиглэлтэйгээр энэхүү жагсаалтад оруулжээ.

Мөн “Сайжруулсан зуух”, “Нарны сэргээгдэх эрчим хүч” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байна.

2015 онд хийхээр баталж байсан дээрхи ажлын гүйцэтгэл одоо ямар байгааг аймгийн ЗДТГ- ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж. Түмэндэлгэрээс тодруулахад, Мандалговийн цэнгэлдэх хүрээлэнгийн суурийн ажил хийгдэж байгаа. Өвлийн хүлэмжийн 4 хэсэг барилга барихаас нэгийг нь барьж байгаа. Сүм Хөх Бүрдийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэгч өнөөдөр гэрээ байгуулсан, ажил нь удахгүй эхэлнэ. Үнээний фермер байгуулах ажлын тендэрийг дахин зарласан. “Сайжруулсан зуух” төслийн гүйцэтгэгч шалгарсан, ажил мөн удахгүй эхэлнэ.  “Нарны сэргээгдэх эрчим хүч” төслийн зураг төслийг хийж бэлэн болгосон гэх хариултыг өгсөн юм.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ