“Бороо зугтсан” зун

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-26 09:48:44
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн төв Ховд хотод энэ зун хурмаст тэнгэр хур бороо хайрлах гэж хичээсэн.Үүл бүрхэж, юу юугүй борооших нь ээ гэтэл гэнэт салхи ирээд үүл сарниулчихаад байв. Хэдэн дусал хаяад тэнгэр цэлмэчихнэ.
Хотын төвийн улиас мод хур чийггүй, хэт халуун байсны улмаас хатаж, салхитай өдрүүдэд навч нь хийсч,намрын зэврүүн өдрийг санагдуулж байв.
Уул тал өнгө засаж амжаагүй байтал тэнгэр хангай хураа ч хайрласангүй,наадмын дараа намар болов.
Хөдөө орон нутгаар манай  аймгийн баруун гурван Булган, Алтай, Үенч сумаас бусад сумуудын нутаг хур бороогүй, гандуу, мал ногоонд цадахгүй, түүгээр ч үл барам зарим жижиг гол горхи ширгэж, хэт халж, сүү сааль базааж амжихгүй байгаа дуулдлаа.
Өчигдөрхөн Чандмань сумаас аймгийн төвд орж ирсэн малчин эмэгтэй энэ жилийн зуны халууныг гайхаж, хүн малгүй орох байх газраа олж ядан, мал ногоонд цадахгүй, халуун зунаар бор цай ууж байна гэв.
Харин Ховд,Буянт,Булган зэрэг томоохон голуудын хаялгаар зүлэг ногоо сайн ургасан байна.
Аймгийн Ус цаг уур орчны төвөөс зуны өдрүүд хэт халалттай байгаа талаар мэдээлж, зориудын аргаар үүл буудаж бороо оруулахаар шамдаж байгаа ч бороо орсонгүй.
Ахмадууд энэ долоон сарын сүүлчээр хур бороо орвол оройтохгүй,ногоо хэнзлэнэ, харин ирэх өвөл хадлан өвс багатай хэцүүхэн өвөл болох вий гэцгээж байна.
Аргаа бараад  уул овоо, алтай тэнгэрийг номтой лам нар тахиж ирсэн уламжлалтай, харин сүүлийн үед бөө нар тахиж байгаа нь үр дүнд хүрэхгүй байна гэж зарим малчид хэлж байна.
Өнгөрсөн он жилүүдийн амьдралаас эргэн санахад 2008-2011 оны үед Дөргөн суманд хятадууд Усан цахилгаан станц барьж байх үед тэднийг ажлаа дуусгахын тулд бороо оруулахгүй байна,”гахайн толгой” тахисан гэх мэт яриа гарч, бас л гандуухан хур бороогүй, халуун зун болж байсан юм.
Энэ жил Эрдэнэбүрэн, Баянөлгийн чиглэлд зам барьж байгаа хятадуудыг бас л дээрх хандлагаар ярьж байна.
Гэхдээ Ховд аймгийн нутгаас хур бороо дайжих олон шалтгаан бий, хүмүүс гол горхи ,булаг шандаа бохирдуулдаг, хог хаягдал  хаядаг, голын эргээр зугаалж, архи, ундааны шил элдэв хог хаяж, уусан архи,ундааны саваа ус руугаа хаядаг, машинаа гол дээр угаадаг   гээд хүний буруутай үйлдлээс байгаль эх гомдсон ч байж болох гэдгийг харин ухаарч ярих хүн тун цөөн.
Юутай ч зуны сар дуусч, намрын сартай цөөн хэдэн хоногийн дараа золгох хүртэл Ховд аймгийн нутгаар хур бороо ”дайжсан “ хэвээр байна.
Дуу цахилгаантай ч хамаагүй хур бороо ороосой гэж хэлэх хүн ч байна.
А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ