14 иргэн өргөө цагаан гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-26 17:36:12
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнд ирсэн өргөдлийн дагуу 14 иргэний асуудлыг шийдвэрлэж, орон гэртэй болголоо. Байгалийн гамшиг,  гэнэтийн ослоор гэрээ алдсан эсвэл өрхийн амьжиргааны түвшин доогуур орлоготой өөрийн гэсэн ор гэргүй иргэд үүнд хамрагджээ.

Сүхбаатар аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ард иргэд рүүгээ чиглэсэн олон ажил тусгагдсан байдгийн нэг нь ГЭР хөтөлбөр юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр тус хөтөлбөрт тусгайлан төсөв баталсан байна. Эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа 14 өрхийг сонгожээ. Баруун-Урт сумаас найм, Түмэнцогт, Түвшинширээ, Баяндэлгэр, Сүхбаатар зэрэг сумдаас зургаа гээд нийт 14 өрх ийнхүү аймгийнхаа баяр наадмын босгон дээр өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй боллоо. Эдгээр иргэдийн дунд өнгөрөгч таван сард өргөдлөө өгсөн иргэн байгаа бол, жил болгон гэр хүссэн өргөдөл өгөөд арван жилийн дараа шийдвэрлүүлж байгаа иргэн ч байгаа юм. гэрээ гардан авсан иргэн бүр талархал илэрхийлж, зарим баярын нулимс унагаж байлаа.

“Сүхбаатар аймаг гэдэг бол нэг өрх гэсэн үг. Тиймээс бид энэ өрх айлын иргэн бүр аятай тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Энэ талаар засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт шат дараатайгаар тусгасан зүйлүүд бий. Амьдралын боломж нөхцөл тааруу, зорилтот бүлгийн иргэдээ бид түлхүү анхаарах шаардлагатай. Өрх гэр амар амгалан, ажилтай орлогой байж сум, аймаг орон нутаг маань хөгжинө шүү дээ. Ямартай ч аймаг сумынхаа түүхт ойн босгон дээр хэдэн өрхийг өргөө цагаан гэртэй болгож, эзэмшлийнх нь батламжийг гардууллаа. Цаашид энэ төрлийн ажлуудыг бид үргэлжлүүлэн хийх болно...” хэмээн аймгийн засаг дарга З. Энхтөр хэллээ.

Аймгийн ЗДТГ-ын өргөдөл, гомдол хариусан мэргэжилтэнд маш олон өргөдөл ирдэгийн дийлэнх нь орон гэр,ажлын байр хүссэн байдаг байна. ЗДТГ болоод холбогдох хэлтсүүдийн зүгээс ч ирсэн өргөдөл гомдлыг чирэгдэлгүй, хурдан шуурхай шийдвэрлэн, биелүүлж ажиллахыг зорьж байгаа гэнэ. Он гарсаар нийт 900 орчим өргөдөл гомдол ирсэнээс 90 гаруй хувийг нь биелүүлсэн байна.
Т. Одончимэг 
 
Холбоотой мэдээ