Улз голын урсгал тасарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 15:29:06
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хойд сумдын нутгаар урсан өнгөрдөг Улз голын урсгал 60 км газар тасарч, адагтаа хүрэхээ больжээ. Голын урсацын эх үүсвэр нь хурын ус байдаг. Сүүлийн жилүүдэд хэт халсны уршгаар урсгал нь шургах үзэгдэл байнга давтагдах болсон гэж нутгийн иргэд ярьж байна. Гэхдээ энэ удаагийнх шиг 60 км-ээр тасарч байгаагүй гэв.
Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар зүүн хойш урсан улсын хил давж, ОХУ-ын Тарь нууруудын хонхорт орших Баруун Тарь нуурт цутгадаг. Нийт урт нь 520 км, үүний 495 км нь манай улсын нутаг дэвсгэрт хамаардаг.
Онон, Улз голын сав газрын захиргааны өнгөрсөн сард хийсэн үзлэг шалгалтаар Улз гол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт очоод шургаж, адагтаа хүрч чадаагүйг тогтоосон байна. Уг нь тэндээсээ Чулуунхороот сумын нутгаар дайрч хил давдаг байтал энэ жил Дашбалбараас цааш урссангүй.
Уртаараа улсад дээгүүрт бичигддэг Улз голын усны түвшин 1996 оноос хойш багассаар иржээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ