Дорнод аймаг ургацынхаа тал хувийг алдах эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ зун хэт халалт олон жилийн дунджаас хоёр хэмээр илүү байгаагаас Дорнод аймаг нийт ургацынхаа 50 хувийг алдах эрсдэлтэй тулгарчээ. Зургаадугаар сарын сүүлээр тус аймгийн есөн сумын нутагт үр тарианы 23 ААН, 9 хоршоо, 8 агропарк, 740 өрхийн тариаланч 34199.4 мянган га-д тариалалт хийсэн юм. Тариалалтыг дотор нь задалбал, улаан буудай 17012 га, гурвалжин будаа 6120 га, эмийн ургамал 1500 га, тосны ургамал 6530 га, малын тэжээл 1715 га-д тариалжээ. Харин төмс 182.6 га-д, бусад хүнсний ногоог 92.5 га-д тариалсан гэж тус аймгийн ХХААГ-ын ерөнхий агрономич Ч.Самбуубаатар мэдээлэв.
Зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр тус бүс нутагт хур тунадас маш бага орж, халалт ихтэй байснаас аймгийн нийт тариалалсан талбайн 85.2 хувь буюу 29142 га талбайд ган үүсэх нөхцөл бүрдсэн. Харин баяр наадмын өмнөхөн нийт нутгаар бороо орсноор зарим таримал ургамал, бэлчээрт сэргэлт өгсөн юм. Ийнхүү бороо оройтож орсон нь ургацын чанар, хураалтын нөхцөл байдалд хүндрэл өгч болзошгүй гэж газар тариалангийн салбарынхан ярьж байна.
Өнгөрсөн зун Дорнод аймаг нийт тариалсан талбайнхаа 45.9 хувьд ургац алджээ.
Д.Дэлгэрмаа