Эд Жэйгэр: Канад Улсын хувьд Монгол бол чухал түнш

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
erdenechimeg@montsame.mn
2017-08-04 10:53:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Канад Улсаас Монгол Улсад Элчин сайдаар суусан Эд Жэйгэр бүрэн эрхийн хугацаагаа дуусган, эх орондоо буцахаасаа өмнө МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонинд дараах ярилцлагыг өгсөн юм.

-2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож буй билээ. Юуны өмнө ойн баярын мэндийг хүргэе. “Канадын өдөр”-т зориулсан хүлээн авалтаас төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Өнгөрөгч 6 дугаар сарын 30-ны өдөр “Канадын өдөр”-т зориулсан хүлээн авалтыг зохион байгуулсандаа баяртай байна. Бидний тэмдэглэлт баярыг хуваалцахаар маш олон найз нөхөд, түншүүд маань ирсэн. Мөн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан хамт олныхоо  гүйцэтгэлд би сэтгэл хангалуун байгаа. Баасан гарагийн үдээс хойш 300 гаруй хүний  хүлээн авалт зохион байгуулна гэдэг  амар ажил биш. Гэхдээ манай хамт олон маш сайн ажилласан. Энэ удаад би тэдэнд хүлээн авалт зохион байгуулах “арай өөр” газар олохыг даалгасан юм. Маш олон газрыг сонирхож үзсэний дараа бид Чойжин ламын сүм музейг олсон. Чойжин ламын сүм музей нь Канадтай бараг л чацуу бөгөөд Монголын илэрхийлэл болж байсан. Тиймээс Канад, Монголыг тийм байдлаар хослуулсан нь маш тод томруун бөгөөд гайхалтай байж чадсан болов уу. Бороо орох эрсдэл байсан ч азаар ороогүй.

-“Канадын өдөр”-ийн хүрээнд өөр ямар арга хэмжээнүүд зохион байгуулж байна вэ?
-Бид Канад улс тунхагласны 150 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэж байна. Элчин сайдын яам хоёрдугаар сард ойн арга хэмжээг нээж Занабазарын музейд хүлээн авалт зохион байгуулсан. Түүнээс хойш урлагийн тоглолт ивээн тэтгэж зохион байгуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, Элчин сайд миний бие оюутнуудад лекц унших зэрэг үйл ажиллагаанд оролцлоо.  7 дугаар сарын 3-нд бид Монгол Улсаас Канад Улсад анхны Элчин сайдаар сууж байсан Г.Батсүхэд 150 жилийн ойд зориулан тусгайлан бүтээсэн дурсгалын тэмдгийг гардуулсан. Канад Улсын Элчин сайдын яам жилийн турш олон арга хэмжээ зохион байгуулж, түүгээрээ Канадын анд нөхөд, Монголд амьдарч буй канад иргэд болон Канад Улсын талаар сайтар мэддэггүй монголчуудад хүрэхийг эрмэлзэж байна. Ингэснээр тэд Канад Улсын талаарх ойлголт, мэдлэгээ дээшлүүлж, хоёр улсын найрамдалт харилцааны ач холбогдлыг илүү тодоор харах юм.



Монголыг сонирхох Канадын компаниуд нэмэгдэж байна

-Сүүлийн үед хоёр улсын харилцаанд ямар ахиц дэвшил гарав?
-Канад-Монголын харилцааг гурван чиглэлд хуваан авч үзэх нь зүйтэй. Нэгдүгээрт, улс төрийн хамтын ажиллагаа. “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд Канад Улс энэ жил анх удаа оролцсон нь хоёр орны улс төрийн харилцаанд гарсан хамгийн сүүлийн үеийн дэвшил байлаа. Намайг Элчин сайдаар суусан сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хоёр улс нягт хамтарч ажилласны дотор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд, “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн хурал болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дэх Монголын манлайлалд Канад Улсын үзүүлсэн дэмжлэгийг дурдаж болно. Бид энэ хүрээнд дэмжлэг үзүүлсээр ирсэн, үзүүлсээр ч байх болно.
Дараагийн чиглэл нь худалдаа. Хоёр улсын худалдааны салбарын хамтын ажиллагаанд гарсан ахицыг Монголыг сонирхох болсон Канадын компаниудын тоо тодорхойлж байна. Монголын уул уурхайн салбар, Оюу Толгойн бүтээн байгуулалт, Олон улсын валютын сангийн хөтөлбөр, тогтвортой байдлын тухай амлалт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзээд Канадын компаниуд “Монголын нөхцөл байдал сайжирчээ, Монголд хөрөнгө оруулах, монголчуудтай хамтарч ажиллах боломж бололцоог хайя” гэсэн байр суурьтай байна. Сүүлийн хагас жилд худалдааны салбарт хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгаа нь энэ оны 3 дугаар сараас  хэрэгжиж эхэлсэн “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” Канад Улс, Монгол Улсын хэлэлцээртэй холбоотой. Энэхүү хэлэлцээрийг 10 орчим жил ярьсны эцэст ажил хэрэг болгоод байна. Хоёр улсын хамтын ажиллагаагаа цэцэглэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах хүсэл сонирхлын бэлгэ тэмдэг болж буй энэ хэлэлцээр нь зөвхөн Канадын ч биш, бусад орны хөрөнгө оруулагчдад чухал гэж би бодож байна. Энэ төрлийн хэлэлцээрт гарын үсэг зурах, хөрөнгө оруулагчдад ийм баталгаа өгөх Монголын сонирхлыг тодотгож буйгаараа уг хэлэлцээр бусад хөрөнгө оруулагчдад ч урам өгч байна.
Гурав дахь чиглэл нь хоёр улсын хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа. Сүүлийн дөрвөн жилд Канад Улс өөрийн туршлагыг Монгол Улстай хуваалцах, туслалцаа үзүүлэх зэргээр нягт хамтран ажиллалаа. Канад Улсын арвин туршлага бүхий уул уурхайн салбарт л гэхэд салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хоёр улс хамтран ажиллаж, үүгээр дамжуулан монгол нутагт хийж буй уул уурхайн олборлолтоос монгол хүмүүс ашиг хүртэх замыг эрэлхийлсэн юм.
Үүний хажуугаар, бид Монгол дахь улс төрийн үйл явцыг дэмжиж, авлигатай тэмцэх болон улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирлээ. Монголын 25 жилийн түүхтэй ардчилалд нэг хүйс давамгайлах чиг хандлагатай явж ирсэн учраас сүүлийн жилүүдэд бид монгол эмэгтэйчүүдэд улс төрийн оролцоо, түүний ашиг тус болон даваа сорилтыг таниулахыг зорьж ажилласан. Өнгөрсөн оны сонгуулиар хамгийн олон тооны эмэгтэй гишүүд Улсын Их Хуралд сонгогдсон нь сайшаалтай. Гишүүдийн тодорхой хувь нь Канадын Засгийн газрын санхүүжилттэй сургалт, хөтөлбөрт хамрагдсан байсан. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа дээрх хүрээнд урагшлан хөгжлөө. Миний залгамжлагч болон хамтран ажиллагсад эдгээр амжилтад дөрөөлөн, хоёр улсын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.

-Өнгөрөгч гуравдугаар сард Канад улсад Монголын уул уурхайн форум зохион байгуулагдсан. Уг форумд оролцсоны хувьд та үр дүнг нь хэрхэн харж байна вэ?
-2017 оны форум нь  Монголд байх хугацаандаа оролцсон гурав дахь форум байлаа. 2015 онд намайг анх удаа оролцож байхад Монголын төлөөлөл сул байсан. 2016 онд Монгол Улсын “Рио Тинто” компанитай харилцах харилцаа болон Оюу Толгойд гарсан өөрчлөлт уг форум дахь Монголын яриа хэлэлцээнд шинэ эргэлт авчирсан. Харин энэ жил, шинэ Засгийн газар, тогтвортой байдлын болон Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүлээлт зэрэг хүчин зүйлээс улбаалан форум илүү үр дүнтэй боллоо. Миний бодлоор, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд энэ жилийн форум хамгийн эерэг, тустайүйл ажиллагаа болсон болов уу. Монголын уул уурхайн форумын үр дүнд Монголын шинэ Засгийн газраас хүлээх хүлээлт, Монголын ирээдүйг өөдрөгөөр харах итгэл нэмэгдлээ. Форумд оролцогчид Монгол руу дахин анхаарлаа хандуулж,  эргэн ирэх хүсэлтэй байгааг би харсан. Хэрэв Монгол тогтвортой байдлаа хадгалж, гадны хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа сайжруулж чадвал, энэ өсөлт үргэлжлэх нь дамжиггүй.

-Монголд бизнес хийхэд тулгардаг гол бэрхшээл юу вэ?
- Зах зээлийн хувирамтгай чанар хангалтгүй байгаа нь гол хүндрэл болдог гэж бодож байна.  Их хэмжээний өртэй, улс төрийн байдал нь тогтворжиж амжаагүй оронд том хөрөнгө нийлүүлэх нь гадны хөрөнгө оруулагчдад хэцүү. Олон улсын валютын сангийн хөтөлбөр болон уг хөтөлбөрөөр дамжин хэрэгжих санхүүгийн сахилга бат итгэл төрүүлэх ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэрээс хэтэрсэн амлалт өгөөд байвал энэ нь хөрөнгө оруулагчдын санааг зовоох л асуудал. Засгийн газар ирэх 4-8 жилд юу хийхийг мэдэлгүйгээр мөнгөө тийм хугацааны дараа эргүүлж олно гэж найдан Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь Канадын хөрөнгө оруулагчдад ч хүндрэлтэй.

-2018 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Хоёр улсын харилцааны цаашдын хөгжлийн талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-1973 онд Канад Улс, Монгол Улс дипломат харилцаа тогтоосноос хойш хол замыг тууллаа. Тухайн үед Монгол Улс барууны орнуудтай идэвхтэй харилцдаггүй байсан бөгөөд Канадтай ч мөн адил. 1990 оноос эхлэн хоёр орны харилцаа идэвхжсэнээс хойш, сүүлийн хориод жилд гарсан дэвшлийг хамтын ажиллагааны төрөл зүйл, түвшингээр нь харж болох юм. 2008 оныг хүртэл Монгол Улсад Канадаас суурин элчин сайд суудаггүй байсан. Харин би гурав дахь  Элчин сайдаар ажиллалаа. Хоёр орны харилцааны ирээдүйг би гэгээлгээр харж, ирэх 10-15 жилд Монгол хүчирхэг, чинээлэг улс болно гэдэгт итгэдэг. Монгол Улс нь олон улсын тавцанд болон хоёр талын харилцааны хүрээнд Канад Улс илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэхээр улс болно гэдэгт итгэж байна. Канад Улсын хувьд Монгол бол чухал түнш, энэ хэвээрээ байна гэдэгт би итгэл дүүрэн байдаг.

-Та өөрийгөө Элчин сайдын үүргээ хэрхэн гүйцэтгэсэн гэж дүгнэх вэ?
-Би өөрөө гэхээсээ бусад хүн миний хэрхэн ажилласныг дүгнэх байх. Би өөрийн чадах бүхнээ хийсэн. Сүүлийн гурван жилд хоёр улсын харилцаа урагшилсан гэсэн итгэлтэйгээр би нутаг буцаж байна.

Монгол байгаа нөөц боломжоо ашиглах чадвартай улс

-Одоо Монголын тухай ярилцья. Манай улсад ирэхээс өмнө Монголын талаарх таны ойлголт хэр байв?
- Монголын талаарх миний ойлголт өнгөц байсныг би дурдмаар байна.  Ирэхээсээ өмнө би Монголыг сайн мэддэггүй байсан. Монгол бол алс холын, хүйтэн орон л гэж бодож байлаа. Монголчууд  ямар их чадварлаг хүмүүс вэ гэдгийг  би төсөөлөөгүй байсан.

-Монголд ирсэн анхны өдрөө дурсахгүй юу?
-Би Монголд 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн үдээс хойш буусан. Намайг угтсан Гадаад хэргийн яамны төлөөлөгчид маш найрсаг байсныг санаж байна. Бас Улаанбаатар хот ямар орчин үеийн, завгүй хот болохыг харж гайхширсан. Энд ирэх хүртлээ Улаанбаатар хотын талаар  би огт төсөөлөлгүй байлаа.

-Монголын талаарх анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Хоёрдугаар сард ирсэн болохоор би эхлээд “Монгол хүйтэн юм байна” гэж бодсон ч Улаанбаатарын цаг агаар Оттава хотынхоос хүйтэнгүй болохыг анзаарсан. Дараа нь Монголын нийслэл бол алхахад тохиромжтой, тайван амгалан хот гэдгийг  ойлгосон. Үүний дараа би Улаанбаатараас гарч, Монголын үзэсгэлэнтэй хөдөө нутгийг үзсэн. Ер нь Монголд ирсний дараах хэдэн долоо хоног маш гайхалтай өнгөрсөн. 

-Улаанбаатар амьдрахад таатай хот уу?
-Улаанбаатар бол амьдрахад дээд зэргийн тааламжтай хот. Хотын төвд амьдардаг бол алхаад л ажлаа амжуулчихна. Өвөлдөө агаарын бохирдлын түвшин тийм өндөр байдаггүй бол сайхан байхсан. Агаарын бохирдол бол Монголын өмнө тулгарсан томоохон сорилт бөгөөд Монгол Улс илүү нухацтай авч үзэж, тэмцэх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ би Улаанбаатарыг таатай, амьдрахад хялбар хот гэж хэлнэ.

-Таны бодлоор Монголын хамгийн сайхан зүйл юу вэ?
-Монголын хамгийн сайхан зүйл бол дулаахан, найрсаг, шударга, оюунлаг, аливаа зүйлийг сурахдаа түргэн, ажилсаг монголчууд гэж хэлмээр байна. . Монгол хүмүүс бол Монгол Улсын ирээдүй.  Монголын хамгийн том хүч, давуу тал юу вэ гэж надаас асуувал би монгол хүмүүс, ялангуяа монгол залуус гэж хэлнэ. Монголын залуус маш чадварлаг, өөрийгөө хөгжүүлэх, эх орноо хөгжүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй байдаг нь надад их сайхан санагддаг. Гадаадад явсан монгол залуус тэнд сурсан, мэдсэнээ хуваалцах, эх орондоо хэрэгжүүлэх зорилго өвөртлөн эргэн ирдэг. Би Монголд ирээд “repat” гэх шинэ үг сурсан. “Expat” (гадаад улсад амьдарч буй иргэд) гэдэг үг илүү түгээмэл байсан.  Харин “repat” нар бол богино болон дунд хугацаагаар гадаадад яваад, эх орондоо эргэн ирсэн монголчууд юм. Бусад улс орон хэрхэн өөр болохыг үзээд, “Бид Монголоо хөгжүүлж чадна” гэсэн эрмэлзэлдээ хөтлөгдөн буцаж ирсэн олон “repat”-тай би уулзсан. Энэ бол Монголын хамгийн том үнэт зүйл.



-Таны хувьд Монголын соёл юугаараа онцгойрдог вэ?
-Монгол дуу шимтэн сонсдогийн  хувьд Монголын соёлыг дуу хөгжим л хамгийн сайн тодорхойлдог. “Канадын өдөр”-т зориулсан хүлээн авалтад “Хөсөгтөн” хамтлаг тоглосон нь учиртай. “Хөсөгтөн” хамтлагийг би хоёр жилийн өмнө Чойжин ламын сүм музейд нэгэн арга хэмжээний үеэр сонсож байлаа. Түүнээс гадна, морин хуур, уртын дуунаас авахуулаад “Алтай Хангай” зэрэг бусад монгол хамтлагуудыг ч би сонсдог. Надад монгол дууны хэд хэдэн цомог бий. Фолк хөгжим сонирхдог учраас орчин үеийн монгол хамтлагуудыг сонсоод байдаггүй ээ. Миний хувьд, монгол дуу хөгжмөөр дамжуулж Монголын түүх, амьдралын хэв маягийг тольдох шиг санагддаг.
Би Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолт үзэх дуртай. Тэнд Монгол хөгжим тоглоогүй байсан ч монгол авъяас шүү дээ. Би өмнө нь дуурь үздэггүй байсан ч Монголд ирээд дуурийн урлагт дурлах болсон. Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр шиг гайхалтай ордонд  монгол уран бүтээлчдийн барууны стандартаар тавьсан бахдам тоглолтыг үзэх нь эхнэр бид хоёрт их сайхан байлаа.

-Монголоос тээж буцах таны хамгийн нандин дурсамж юу вэ?
-Би монгол найзуудаа хамгаас их санана. Монголын хөдөө нутаг, -15 хэмийн хүйтэнд  морь унаж байсан,  Тэрэлжийн уулсаар дугуйтай явсан, Богд уулын оройд гарснаа мэдээж саналгүй яахав. Гэхдээ би Монгол дахь анд нөхдөө  хамгийн их санана. Монгол найзууд маань Оттавад ирэхдээ манайхаар зочлоно гэж найдаж байна.

-Таны бодлоор Монгол дэлхийд юугаараа ялгардаг вэ?
-Монголд өөрийн давуу болон сул талууд бий. Монгол бол маш их нөөц боломжтой бөгөөд түүнийгээ ашиглах чадвартай улс. Хэрвээ би 10-15 жилийн дараа ирвэл, Монгол Улс ид хөгжин цэцэглэж буй, авлигад бага автсан, илүү сайн засаглалтай орон болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Монголын хөгжилд юу чухал вэ?
-Боловсролыг нэн тэргүүнд тавьснаар Монгол хөгжиж чадна. Залуу хүмүүст хийх хөрөнгө оруулалт бол хамгийн утга учиртай, удаан хугацааны хөрөнгө оруулалт юм. Сурагчид, оюутнуудад чанартай боловсрол олгоход анхаарал хандуулж, тэдний төрөлхийн авъяас чадварыг хөгжүүлэх нь маш чухал гэж би бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Х.Аминаа
 
Холбоотой мэдээ