Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх хөрөнгийг төсөвт нэмж тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-04 21:06:44

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төсөлд нэмэлт санал гаргах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 

УИХ-ын даргын энэ оны 228 дугаар захирамжаар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын тооцоог гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, энэ чиглэлээр нэн тэргүүнд шийдэх шаардлагатай зарим асуудлыг Төсвийн болон холбогдох байнгын хороонд танилцуулж ирэх оны улсын төсвийн төсөлд тусгуулахаар тогтжээ.

Энэ үндсэн дээр ажлын хэсгээс Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт, цаашдын төлөв байдлыг нарийвчлан судлах ажлыг өргөжүүлж эрчимжүүлэх, газар хөдлөлтийг бүртгэх Сэлэнгэ, Мандалговь, Богд станцад шаардлагатай багаж, төхөөрөмж авч суурилуулах, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах станцуудын сүлжээг газар хөдлөлтийг бүртгэх автомат 5 станцаар нэмэгдүүлэх, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож үйл ажиллагааг нь эхлүүлэх, эрэлч нохойн алба байгуулах, Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагааг өргөтгөх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил зохиох зэрэг 6 багц арга хэмжээнд шаардлагатай 2 тэрбум 659.3 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгах санал гаргасан байна.

Уг саналтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Шадар сайд, уг ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нараас асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь уг саналыг дэмжсэн тул энэ тухай санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Холбоотой мэдээ