Эрүүл мэндийн байгууллагууд нэгээс хоёр сарын нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-22 15:10:20
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, сум бүр өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ. Завхан аймгийн нийт хүн амын 24.3 хувийг зорилтот бүлгийн хүн ам эзэлж байна. Нийт 115 багийн 70,9 мянган хүнээс 0-5 насны хүүхэд 9087, жирэмсэн эх-639, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-3996,  60-аас дээш насны ахмад настан-3588 байна.  
Өвөлжилт  хүндэрсэн үед зорилтот бүлгийн хүн амыг алсын отор нүүдлээр явуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүргийг аймгийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлжээ. Мөн отроор явсан зорилтот бүлгийн хүн амыг отор хийж буй харьяа эрүүл мэндийн байгууллагад мэдээлэн эргэх холбоотой ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 28 байгууллагын 932 эмч, эмнэлгийн ажилчид нийт 70,8 мянган  хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн  найман байгууллага төвлөрсөн халаалтын системд холбогдсон, 20 байгууллага 53 машин  мод,  165 тн нүүрстэй, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн  нэгээс хоёр сарын нөөцтэй байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн засварын ажил 47 хувьтай хийгдэж байна. Ирэх 10 дугаар сарын нэгэнд засварын ажил бүрэн дуусч үйл ажиллагаа нь хэвийн явагдана. Цаашид Алдархаан, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ойрын дуудлага,  Эрүүл мэндийн газрын фургон машинуудыг нэн түрүүнд шинэчлэх, алсын дуудлагын түргэн тусламжийн автомашинуудыг зүг чиг заагчтай /GPS/ болгох шаардлагатай байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ