Агаарын бохирдлыг бууруулахад хөрөнгө суулгахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-05 16:50:53

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд  хуралдаж, ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Оюун, “2011 онд Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдаад 2012 оноос анх удаа Цэвэр агаар санд болон улсын төсөвт мөнгө хуримтлагдаж эхэлсэн. Ингэж анх удаа агаарын бохирдолд улс мөнгө зарцуулж эхэлсэн байдаг.

Динамик үзүүлэлтүүдийг харахад гурван өвлийн дараа хамгийн гол үзүүлэлт болох  нарийн ширхэгт тоос тоосонцор 39 хувиар буурсан дүн гарсан. Харахад бохирдолтой байгаа ч өмнө нь 5 дахин их бохирдолтой байсан бол 3 дахин илүү бохирдолтой гэсэн түвшинд хүрсэн байгаа. Бид буурч байгаа үзүүлэлтүүдээ бага багаар бууруулах ёстой.

Зуух, хий, дулаалга гэх бүх чиглэлийн ажлаа урагшлуулж байж амжилтад хүрнэ. Гэтэл ирэх оны төсөв дээр агаарын бохирдлыг бууруулахад 0 мөнгө тавьсан байна. Ингэж болохгүй. Улаанбаатар хотын хамгийн хүнд асуудал бол агаарын бохирдол. Ирэх жил ядаж 5-6 тэрбум төгрөг төсөвт суулгахгүй бол нөгөө буурсан үзүүлэлт чинь өснө шүү” гэсэн юм. Ингээд БОНХАЖ-ын сайдын 2016 оны төсвийн багцын урсгал зардлыг 5 тэрбум төгрөгөөр нэмэх, өөрөөр хэлбэл Цэвэр агаар санд 5 тэрбум төгрөг суулгахыг гишүүд дэмжлээ. 

Тус байнгын хорооны дарга Су.Батболд, “Цэвэр агаар сангийн өмнөх жилүүдэд явуулсан бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Төсөв байхгүй гээд бүх ажлаа зогсоовол агаарын бохирдол ихэснэ” гэсэн бол салбарын сайд Н.Батцэрэг ч мөн адил байр суурьтай байгаагаа хэлж байв.

Б.Туул

Холбоотой мэдээ