Төмөртэйн овоон уурхайн нийт ажилчдын 97 хувь нь орон нутгийн иргэд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
gantuya@montsame.mn
2017-08-29 12:54:30
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг томоохон уул уурхайн компани бол Цайрт минераль ХХК билээ. Улс төдийгүй аймаг орон нутгийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж буй тус компанийн уулын баяжуулах үйлдвэр энэ онд 12 жилийн ойтойгоо золгож байна.  Тус үйлдвэрт жилд дунджаар 400 мянган тонн цайрын хүдэр боловсрлууж 50 хувийн агуулга бүхий 100 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэж экспортод гаргадаг байна. Компанийн 360 орчим монгол ажилчдын 97 хувь нь зөвхөн орон нутгийн иргэд байдаг аж.

“Бид 2005 оноос хойш өнөөг хүртэл тогтвортой ажиллаж ирлээ. Энэ хугацаанд бид улс болон аймаг орон нутагтаа хуулийн хүрээнд ажиллаж, тэр хэрээрээ бидний үйл ажиллагаагааг төр захиргаа болоод олон нийтийн зүгээс өндрөөр үнэлж ирсэн. Нөгөөтэйгүүр бид орон нутагтаа ажлын байр бий болгох, тухайн ажлын байр нь тогтвортой байх зарчмыг барьж ирлээ. Нөгөө талаар орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын ажилд тодорхой хувь нэмрийг оруулахаар олон төслийг хэрэгжүүлсэн. Өнгөрөгч дөрөвдүгээр сард аймагтайгаа хамтын ажиллагааны гэрээгээ сунгаж шинээр байгуулсан. Уг гэрээнд тусгагдсаны дагуу бид жилд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон нутагт төвлөрүүлэхээр болсон. Үүнийгээ бид эрүүл мэндийн салбар болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зарцуулна. Мөн манай компани жилд 36 орчим тэрбум төгрөгийн татварыг улсдаа төлж байна. Үүнээс гадна өөрсдийн зүгээс санаачлан хийж ирсэн уламжлалт ажлуудаа үргэлжлүүлсээр байна. Нийт монгол ажилчдын 97 хувь нь зөвхөн орон нутгийн иргэд байдаг. Тиймээс энэ бол Сүхбаатарчуудын уурхай гэсэн үг...” хэмээн Цайрт минераль ХХК-ийн ерөнхий захирал С.Батхүү хэллээ.

Төмөртэйн овооны цайрын ордыг ашиглахаар Монгол Улсын Металл импекс компани болон БНХАУ-ын NSB өнгөт төмөрлөгийн гадаад барилга зураг төслийн компаниуд хамтран 1998 онд Цайрт минераль ХХК-ийг үүсгэн байгуулж байсан бол өдгөө хоёр талын тэнцүү хөрөнгө оруулалтай тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтвортой хөгжлийн гэрээнд гарын үсэг зурсанаар уулын баяжуулах үйлдвэрийг байгуулах төслийн ажил эхэлж байан хамт олон өдгөө ийнхүү 12 жилийн ойтойгоо золгож ололт амжилтаа хамтдаа тэмдэглэлээ. Энэ хугацаанд амжилт гаргасан ажилчдаа шагнаж урамшуулж, олон төрлийн тэмцээн уралдааныг хамт олныхоо дунд зохион байгуулжээ.
Т. Одончимэг
Холбоотой мэдээ