Арц суурийн хилийн худалдаанд 200 гаруй бизнес эрхлэгч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дахь Арц суур хилийн боомт дээр “Арц суурь-2017” хилийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн худалдааг Завхан аймгийн ЗДТГ, ИТХ-аас санаачлан Баянтэс сумын ИТХурал, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдааг Завхан аймгийн Засаг дарга, Тува улсын Ерөнхийлөгчтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хил орчмын үзэсгэлэнг худалдааг жил бүр тогтмол зохион байгуулахаар тусгасны дагуу ийнхүү зохион байгуулжээ.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Тува улсаас 230 машин бүхий 800 гаруй худалдан авагч, Улаанбаатар хот, Дархан-Уул, Архангай, Хөвсгөл, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 200 гаруй бизнес эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлж шилдгүүдээ шалгаруулсан байна. Шилдэг борлуулагчаар Тэс сумын Тэсийн зүр хоршоо шалгарчээ. Харин шилдэг үйлдвэрлэгчээр Баянтэс сумын Баянбулаг дэлгэрэх хороо ХХК, Улиастай сумын Зоби ХХК, Увс аймгийн Шагай ХХК, шилдэг хоол үйлдвэрлэгчээр Баянтэс сумын С.Мөнхтуг нар шалгарлаа. Мөн Бүгд найрамдах Тува улсын талаас үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон зарим бизнес эрхлэгчдийг шагнаж урамшууллаа. Цаашид Бүгд найрамдах Тува улстай соёл урлаг, спорт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, хил орчмын үзэсгэлэн худалдааг жил бүр тогтмол зохион байгуулдаг өдөртэй болж, хамрах хүрээ ач холбогдлыг сайжруулах болно гэдгээ зохион байгуулагчид энэ үеэр онцоллоо. Энэ удаагийн хилийн худалдаагаар бизнес эрхлэгчид 85.4 сая төгрөгний борлуулалт хийжээ.
Б.Мягмарсүрэн