Техасын үерт өртсөн хүмүүст Бейонсе тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-08-30 13:20:13
ХЬЮСТОН. /CNN/.  “Харви” хэмээх хар салхи дайран өнгөрсний улмаас их хэмжээний бороо орж, үер усны аюул нүүрлээд буй төрөлх нутаг болох Техас муж улсын Хьюстон хотын “аль болох олон оршин суугчдад чадах бүхнээрээ” туслахаа дуучин Бейонсе амлалаа.

Америкийн поп од Бейонсе өчигдөр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ “Би гамшигт өртсөн хүмүүс болон үерт өртсөн хүмүүсийг аврахаар ажиллаж буй аврагчдын төлөө залбирсаар байна. Миний  2013 онд байгуулсан “BeyGOOD“ сайн үйлсийн сан тэдэнд туслахаар ажиллаж байна. Хүмүүст туслах төлөвлөгөөгөө би номлогчоороо дамжуулан хэрэгжүүлэх гэж байна” гэжээ.

Хьюстон хотод урьд орж байгаагүй их хэмжээний бороо өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн оройноос хойш зүсрэн орсоор байгаа юм. Бороо энэ долоо хоногийг дуустал зогсох төлөвгүй байна.



Албаны хүмүүсийн тооцоогоор, Хьюстон хотын 30 мянга гаруй оршин суугчдад хоргодох газар хэрэгтэй байна. Хьюстонд үерийн улмаас 10 хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа аж.

Бейонсегоос гадна Ким Кардашян Уэст болон Кевин Харт нарын одод техасчуудад туслахаа мэдэгджээ.

Хьюстонд төрж өссөн Бейонсе Техасаас гаралтай гэдгээрээ бахархдаг нэгэн бөгөөд тэрбээр "RunThe World (Girls)", “Formation” болон “Flawless” зэрэг олон дууны клипнийхээ зураг авалтыг Хьюстонд хийсэн юм.

Ким Кардашян Уэст ар гэрийнхнийхээ хамт 500 мянган доллар, Кевин Харт 100 мянган доллар, кантри дуучин Крис Ян 25 мянган долларыг техасчуудад туслахад хандивлаж байгаагаа мэдэгдэхийн сацуу хандивын аянд нэгдэхийг бусад алдартанд уриалжээ.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ