Мумбайд барилга нурсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-31 14:45:27
МУМБАЙ. /AFP/. Энэтхэгийн Мумбай хотод орон сууц нурсны улмаас долоон хүн амиа алджээ. Барилгын нурангинд дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа одоо ид өрнөж байна.

Энэтхэгийн санхүүгийн нийслэл гэгддэг тус хотод орон нутгийн цагаар өнөө өглөөний 8:40 цагт зургаан давхар барилга нурсан байна.

Хүн ам сийрэг Бхенди Базаар гэдэг газарт байдаг тус барилга нь бараг 100 жилийн өмнө баригдсан аж.

Түргэн тусламжийн тэрэг, гал команд болон онцгой байдлынхан ослын газарт очоод байна. Мумбайд ширүүн бороо зүсрэн орсны улмаас үер болоод байгаа билээ.

Барилгын нурангинд 40 гаруй хүн дарагдсан гэх мэдээлэл байна. 43 хүнээс бүрдсэн аврах баг аврах ажиллагаа явуулж байна гэж Энэтхэгийн Онцгой байдлын ерөнхий газрын албаны хүн мэдэгдэв.



Энэтхэгт байшин барилга нурах тохиолдол үе үе гардаг юм. Ялангуяа, борооны улирлын үеэр хуучирч муудсан барилгууд нурах нь түгээмэл байдаг.

Жил бүр Энэтхэгт хэдэн арван хүн барилгын нурангинд дарагдан амиа алддаг байна. Өнгөрсөн сард л гэхэд Мумбай хотод гурван барилга нуржээ. Тухайлбал, тус хотын Гхаткопар дүүргийн захад орших дөрвөн давхар барилга нурсны улмаас 17 хүн амиа алджээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ