Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуультай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-06 13:32:40

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн төсөл өргөн барьсан тухайгаа мэдээлэл хийв.

Монгол Улсад 116 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр хүмүүсийн эрхийн тухай хуулийн төслийг анх удаа боловсруулан өргөн барьж байна хэмээн С.Эрдэнэ сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Хоёр жилийн өмнөөс АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Энэ хууль баталснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хөгжих боломжийг хангах, иргэд эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагуудад гомдол гаргах үндэс бүрдэнэ. Тиймээс энэ хуулийн төсөл маш чухал юм” гэлээ.

Түүнчлэн, Сүүлийн жилүүдэд төрөлхийн гэхээсээ илүүтэй олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь өдрөөс өдөрт ахуйн болон авто осол ихсэж байгаатай холбоотой. Ялангуяа осолд хүүхэд залуучууд ихээр өртөж байгаа тул үүнд анхаарах шаардлагатай.

Хуулийг боловсруулах ажилд зөвхөн төрийн байгууллага дангаар оролцоогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, олон улсын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын хамтын оролцоонд тулгуурлан боловсруулсан. Тодруулбал, Италийн төрийн бус Айфо байгууллага, Тэгш нийгэм  холбоо, АНУ-ын Элчин сайдын яамыг дурдаж болно. Италийн Айфо байгууллага тус хуулийн анхны төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хуулийн зөвлөх авч ажилласан. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт энэхүү хуулийн чиглэлээр нийт 3000 гаруй хүнд сургалт хийж, судалгаа авах ажлыг хамтран зохион байгуулсан" гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ