Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн Су.Батболд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Тэрбээр, “Хуулийн төслийг С.Дэмбэрэл, Л.Цог, А.Тлейхан, Ж.Эрдэнэбат, Д.Сумъяабазар болон миний бие санаачилсан. УИХ-ын даргын захирамжаар Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид хуулийн төслийг боловсруулах явцдаа УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцсан ч зарим зүйл, заалт дээр санал нэгдээгүй тул тусад нь өргөн барьж байна.
Бид гол найман асуудалд тулгуурлан хуулиа боловсруулсан. Тухайлбал, иргэдийн саналыг автоматжуулсан системээр тоолсны дараагаар дахин гар тоолохоор тусгасан. Ингэхдээ ажиглагч болон олон нийтэд нээллтэй байлгах зорилгоор гар тоологыг ил тод явуулах заалт оруулсан. Мөн Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүний 70 хувийг нам, эвслийн төлөөлөл байх ёстой гэсэн заалт бий. Үндсэн хуулийн дагуу УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг тусгайлсан хуулиудаар зохицуулах ёстой. Тиймээс УИХ болон орон нутгийн иргэдийн сонгуулийг нэг дор зохион байгуулдгийг болиулахаар тусгасан” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ