Мандалговийн хогийн цэгийг шинэчлэн байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-14 10:57:58
Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын хог хаягдлын төвлөрсөн цэг дэхь олон жилийн овоолго хогийг дарж булшлан хөрсийг тэгшилж, хог хаягдлын цэгийг шинэчлэн байгуулсан байна.  Шинээр байгуулсан хог хаягдлын талбайг 5- 6 жил ашиглана гэж тооцжээ.

Аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэг хүрээгээ тэлсээр Мандалговь хоттой хаяа дэрлээд байсан юм. Хог хаягдал зөвхөн хотын хаяанд хөглөрч байгаа хэрэг биш, эндээс хийсэх гялгар уутнууд багаар бодоход 6 км зайд тархаж малын бэлчээр, байгаль орчинд уршиг учруулдаг болоод байсан юм.

Энэ байдлыг таслан зогсоохын тулд эхлээд олон жилийн овоолго хог хаягдлыг дарж булшлаад  хогийн нэгдсэн талбайг шинэчлэн байгуулсан гэж Мандалговь хотын тохижилтын албаны дарга Д. Мөнхцоож хэллээ. Нийт 5.4 га талбайн овоолго хогийг булшилж, хогийн шинэ цэгийг хуучнаас нь холтгон байршуулсан байна. Ингэхдээ 3 метрийн өндөр 780 гаруй метрийн урттай шороон далангаар талбайг хашиж, энэ дунд 5 метрийн гүн нүх ухан, хог асгах зориулалтаар нүх уруу орох зам засчээ. Ингэснээр хог хаягдал, ялангуяа гялгар уут хийсч тархах нөхцөл харьцангуй хумигдсан. Ирэх хавар шороон далан дээгээр торон хашаа татна гэж Хот тохижилтын албаны дарга ярьж байна.

Хогийн цэгийг ингэж цэгцэлсэнтэй зэрэгцэн их хэмжээний талбайд хийсч тархсан гялгар уутыг түүх ажил эхэлсэн бөгөөд үүнд Хөдөлмөрийн хэлтэс дэмжин тусалж,  20 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байгаа ажээ.
Олон жилийн овоолго хогийг дарж булшлах ажлыг “Санжат” ХХК- ийн дэмжлэг тусламжаар гүйцэтгэсэн бол шинэ хогийн цэгийг орон нутгийн хөгжлийн сангийн 50 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр байгуулсан байна.
 
Т. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ