2003 оноос хойш Дундговийн хүн амын 24 хувь нь газар өмчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-14 19:44:55
Дундговь /МОНЦАМЭ/. Иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх оны тавдугаар сарын нэгний өдрөөр дуусгавар болно. Газар өмчлөлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш одоогийн байдлаар Дундговь аймгийн нийт хүн амын 24.44 хувь буюу 11 мянга 123 иргэн  газар өмчилж авсан байна. Иргэдийн өмчилсөн газар нийт 983.39 га болжээ.
Газар өмчлөл аймгийн төвийн Сайнцагаан суманд бусдаас өндөр хувьтай байна. Тус сум 15 мянга шахам иргэнтэй. Үүнээс 6756 иргэн буюу 44.70 хувь нь газраа өмчлөөд байгаа бол хөдөөгийн сумдаас Эрдэнэдалай, Сайхан- Овоо суманд газар өмчлөл ахиу хувьтай байгааг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Т. Саранзул хэллээ.
Жил тутамд өмчлөх газрын хэмжээг төлөвлөдөг. Энэ оны хувьд нийт 2955 иргэнд 81 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн  байна.  Үүнээс одоогийн байдлаар 1850 иргэн газар өмчилж авсан бөгөөд он дуустал энэ тоо өснө гэж тооцвол  газар өмчлөл үргэлжилсэн 13 жилийн хугацаанд хамгийн олон иргэн өмчлөлийн газартай болсон жил 2017 он болохоор байна. Урьд нь 2005, 2015, 2016 онд хамгийн олон буюу 1500- 1600 иргэн газар өмчилж байжээ.
Аймгийн төвд иргэдэд өмчлүүлэх газрыг улсын чанартай авто зам дагуулан 0.7 га- гаар, баруун, зүүн гэр хорооллын зах руу 900 м.кв хэмжээтэйгээр олгодог бөгөөд иргэдийн өмчилсөн газар нийт 549.33 га болсон байна. Шинээр газар олголт аймгийн төвөөс гадагш 3- 8 км- ийн радиуст өргөжжээ.
 
 Т. Отгонтуяа
 
 
Холбоотой мэдээ