Малчин Н. Ганхуяг “Дундговь Түншлэл”- ийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүний шагналтан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-17 21:01:51
Дундговь /МОНЦАМЭ/. “Дундговь- Түншлэл” үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилж өнөө орой өндөрлөлөө. 14 сумын нийт 136 үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж 16 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцож, 52 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн байна.  

Энэ удаад аймгийн брэнд бүтээгдэхүүний шагналыг гурван үйлдвэрлэгч хүртлээ. Дэлгэрхангай сумын иргэн Б. Булгамаа, Сайнцагаан сумын Ч. Эрдэнэбаяр, Луус сумын Б. Одхүү нар сүү, сүүн бүтээгдэхүүнээр энэ шагналыг хүртсэн бол шилдэгийн шилдэг Гранпри шагналыг Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Н. Ганхуяг хүлээн авсан юм. Тэрээр урьд нь аймгийн шилдэг бүтээгдэхүүний шагналыг нэг бус удаа хүртэж байсан бөгөөд жил тутамд шинэ бүтээгдэхүүн хийж хэрэглэгчдэд хүргэдэг, өрхийн үйлдвэрлэлээ тасралтгүй эрхэлж явааг нь ийнхүү үнэлж, сүүн чихэр, хөмүүлийн дарш, хатаамалд нь ийнхүү шилдэгийн шилдэг бүтээгдэхүүний шагнал олгожээ.

Үзэсгэлэн худалдаанаас хэд хэдэн төрлийн шилдгүүдийг тодруулдаг. Энэ удаад Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүний шагналыг Сайнцагаан сумын иргэн Д. Мөнхнасан, Сайхан- Овоо сумын Ц. Болдбаатар, Луус сумын Н. Бямбажав, Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүний шагналыг Сайнцагаан сумын Ц. Гэрэл, Дэлгэрцогт сумын Ч. Доржпүрэв, Шилдэг хүнсний бусад нэрийн бүтээгдэхүүний шагналыг  Эрдэнэдалай сумын Ц. Эрдэнэцэцэг нар хүртсэн.

Мөн  шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүний шагналыг Сайнцагаан сумын Ц. Галбадрах, Г. Батнягт, Адаацаг сумын С. Өлзийсайхан, шилдэг гар урлалын бүтээгдэхүүний шагналыг Эрдэнэдалай сумын Б. Батсайхан, Адаацаг сумын Б. Балжинням нарын бүтээгдэхүүнд олгосон бол Шинийг эрэлхийлэгч, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Сайнцагаан сумын “Зараагийн нүхэн” ХХК, Дэлгэрцогт сумын А. Нарантуяа нар шалгарсан байна.  Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүний шагналыг  Дэрэн сумын Ж. Одонпүрэв, Гурвансайхан сумын М. Ууганбаяр, нийтийн хоолны салбарын шилдэг үйлдвэрлэгчийн шагналыг Сайнцагаан сумын “Ээлт бор хайрхан” ХХК тус тус хүртлээ.

Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ үзэсгэлэн худалдааг зорин ирж оролцсон бүх үйлдвэрлэгчдээ амжилт хүсээд, цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ анхаарах хэд хэдэн зүйлийг тодотгон хэлсэн юм. Тухайлбал, уламжлалт болон орчин үеийн технологи ашиглан бүтээгдэхүүнээ хийхдээ  нэн түрүүнд хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй байх шаардлагыг тавьж, сав баглаа боодлын  чанар стандартыг бүрэн хангах,  хэрэглэгчдийн хэрэглээ, таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэв.  

Т. Отгонтуяа

 
 
 
 
 
Холбоотой мэдээ