Ардын урлагийн олон улсын наадамд Дундговийн уран бүтээлчид оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-19 09:33:01
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр БНСУ- ын Чунбуг ардын урлагийн нийгэмлэгийн урилгаар уран бүтээлээ толилуулахаар тус улсыг зорьжээ. Тэд Чонгжу хотноо болж буй ардын урлагийн олон улсын фестивальд оролцож байна.

БНСУ- ын Чунбуг Ардын урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчид 2 жилийн өмнө Дундговь аймгийн Засаг даргын урилгаар тус аймагт зочилсон юм. Энэ үеэр Мандалговь хотынхонд Солонгосын үндэсний урлагийн тоглолтыг сонирхуулж байсан бөгөөд  тоглолт Солонгосын ард түмний аж амьдрал, ахуй уламжлал, сэтгэлийн хөдөлгөөн, олон удаагийн дайн самуунд зовж зүдэр явсан гуниг харууслыг мэдрүүлж чадсанаараа үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг. Мөн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчидтэй ч үндэсний язгуур урлагийн хамтарсан тоглолт хийж байсан юм. Ингэж зочлохдоо тус театртай  хамтын ажиллагаа тогтоогоод буцсан билээ.

Хамтын ажиллагааныхаа хүрээнд Чунбуг Ардын урлагийн нийгэмлэг Дундговийн театрын уран бүтээлчдийг ийнхүү урьсан байна. Чонгжу хотноо болж буй Ардын урлагийн олон улсын фестивальд Монгол, Индонез,Тайланд, Лаус, Миянма, Вьетнам, Камбож зэрэг олон улс орны үндэсний урлагийн уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд фестивалийн хаалтын үйл ажиллагаанд Чунбуг Ардын урлагийн нийгэмлэг, Төв халхын дуулалт жүжгийн театрын хамтарсан үндэсний урлагийн тоглолтыг толилуулах юм байна
 
Т. Отгонтуяа
 
 
 
 
Холбоотой мэдээ