Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар огцрохгүй бол өлсгөлөн зарлана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-19 13:33:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд өнөөдөр МҮЭХ-ны төв байранд  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн дарга олон хууль бус үйлдэл хийсэн гэв. Тухайлбал, ажилчдыг хууль бусаар халах, эрх мэдэл бүхий өндөр албан тушаалыг худалдах, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, сэлбэг материалыг хэт өндөр үнээр  худалдан авч, зөрүүг нь завшсан" гэв. Энэ асуудлыг хотын удирдлагад хандан тавьсан ч хариуцлага тооцохгүй хаацайлсан. Мөн тэтгэвэрт гарч байгаа ажилчид ажилласан жилээрээ тооцуулж 3-13 сая төгрөгийн тэтгэмж авах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл 40 ахмад тэтгэмжээ авч чадаагүй байна. Тиймээс бид Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатарыг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 3 хоногийн дараа Зорчигч тээврийн байрны урд суулт хийж, өлсгөлөн зарлаж, тэмцэх болно хэмээн мэдэгдлээ.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ