Дундговь аймгийн гал унтраах анги 40 нас хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-19 19:32:32
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гал унтраах 25- р ангийн түүхт 40 жилийн ойг энэ долоо хоногт  тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Түүхт ойгоо тус байгууллагын алба хаагчид гурван үеийн дурсамжит уулзалт болгож,  40 жилийн амжилт бүтээлээ эмхэтгэн, үе үеийн алба хаагчдынхаа хөдөлмөр бүтээлээр бахархан алдаршуулах үйл ажиллагаа болгож тэмдэглэхээр зэхэж байна.

Гал унтраах 25 дугаар анги БНМАУ- ын Сайд нарын зөвлөлийн тогтоол, Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар 1977 оны наймдугаар сарын нэгний өдөр “Гал команд" нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 1991 онд Засгийн газрын тогтоол, аймгийн АДХ- ын гүйцэтгэх захиргааны даргын захирамжаар Гал түймэртэй тэмцэх алба, улмаар 2004 онд Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб болон ажиллаж байгаад 2005 онд аймгийн Онцгой байдлын хэлтэс байгуулахад түүний харъяа Гал унтраах анги болсон  байна. Өдгөө тус байгууллага жар гаруй алба хаагчтай. Ард иргэдээг болзошгүй аюул ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чадварыг иргэдэд эзэмшүүлэхэд ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан ажиллаж байна.

Түүхт ойгоо угтаж алба хаагчид өөрсдийн нөөц боломжийг ашиглан өнгөрсөн хавар, зуны турш бүтээлч ажил өрнүүлсэн бөгөөд байгууллагынхаа өнгө төрхийг засахын зэрэгцээ цөөнгүй ажлыг ард иргэд, нийгмийн сайн сайханы төлөө зориулжээ.

Тухайлбал, хашаагүй аж төрж байсан ахмад настанд шинэ хашаа барьж, амьдрах орчныг нь тохижуулж өгсөн, гэр хорооллын зургаан айлд ус зөөдөг тэрэг хийж бэлэглэсэн, Мандалговиос Дэлгэрцогт сум хүртэлх авто замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, хотын ногоон байгууламжийг өргөтгөн мод тарьсан, цахилгаанаас үүдэлтэй эрсдэл учирч болзошгүй айл өрхүүдийн тог цахилгааны холболтыг шинэчилж өгсөн гээд бусдын сайн сайхны төлөө олон ажил санаачлан хийсэн нь бусдад үлгэр дууриал болохоор байна.
Гал унтраах ангийн түүхт 40 жилийн ойн үйл ажиллагаа энэ сарын 22- ны өдөр Мандалговь хотод болно.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ