ЭМГ- ын усанд автсан барилгыг хэвийн ажиллагаанд шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-19 20:18:56
Дундговь /МОНЦАМЭ/. Шинээр ашиглалтад хүлээж аваад гурван жил гаруй болсон барилга нь үерийн усанд автаж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос аймгийн Эрүүл мэндийн газар хуучин барилгадаа нүүн байршаад байсан юм.  Барилгынхаа  усанд автсан хэсэгт ариутгал халдваргүйтгэл хийж, гэрэл цахилгааны нь гэмтлийг засуулсанаар өнгөрсөн долоо хоногт эргээд  төвхнөж, хэвийн үйл ажиллагаанд шилжсэн байна.

Өнгөрөгч сарын 9- ны өдөр 10 минут орчим үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас аймгийн Эрүүл мэндийн газрын барилгын подвалын давхар усаар дүүрсэн юм. Усанд автсан давхарт тус байгууллагын архив, бие бялдарын чийрэгжүүлэлтийн танхим, гамшгаас хамгаалах бэлэн байдлын нөөц, аж ахуйн агуулах болон 380 квт- ын цахилгааны үүсгүүр, автомашины граж байршиж байсан. Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан олгодог товлолын вакцин хадгалагдаж байсан билээ. Үерийн ус хонгилоор орж ирэхтэй зэрэгцэн байгууллагын ажилтнууд, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран вакциныг  яаравчлан зөөж амжсан ч бусад өрөө, эд зүйлс бүхэлдээ усанд автсан юм.

Үүнээс хойш сар илүү хоног өнгөрсөн. Энэ хугацаанд барилгын усанд автсан давхарыг хатааж, ариутгал хийн, цахилгааны эх үүсвэрийг мэргэжлийн байгууллага засч хэвийн ажиллагаанд оруулсан байна.
Одоогийн байдлаар усанд автсан давхарыг ашиглаагүй. Архивын баримт бичгүүдийг хатааж, эмхэлж цэгцлэх ажил дуусаагүй. Мөн  бие бялдарын чийрэгжүүлэлтийн танхим ажиллах боломжгүй байгаа ажээ.  

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ