Гол усанд золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсаны 13 нь бага насны хүүхэд байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-20 11:28:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-аас өнгөрсөн 8 дугаар сарын 23-нд гаргасан мэдээллээр улсын хэмжээнд гол усны золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан бол үүний 13 нь бага насны хүүхэд байсан гэх харамсалтай тоон мэдээлэл өгсөн.
Эдгээр золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ.
Энэ сарын 3-нд Архангай аймгийн Булган сумын Тамир багийн "Овооны булан" хэмээх газар Тамир голын усанд тус сумын харъяат 53 настай, эр осолдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр, аймгийн Цагдаагийн газрын таван алба, хаагч, нэг автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 21:55 цагт уснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат 47 настай эр Б "Ховд" голд осолджээ.

Тус дуудлагыг есдүгээр сарын 9-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, ар гэрийнхэн нь, нэмэлт дуудлагаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын долоон  алба хаагч, нийт 30 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Бүтэн 8 хоног эрэн хайсны эцэст энэ сарын 17-ны өдрийн 09:15 цагт ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
 

Холбоотой мэдээ