ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийнхөн орон нутагт ажиллалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв нь Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн иргэдэд очиж жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалт, шалгалт, жолоочийн түр зөвшөөрөл хэвлэх үйлчилгээг аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасагтай хамтран энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа. Дээрх гурван аймгийн 1238 иргэн үйлчилгээ авснаас жолооны үнэмлэх үрэгдүүлсэн, солиулах 463 иргэний материалыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо дуусгавар болсон 466 иргэн шалгалтад орсноос 213 иргэн тэнцэж эрхээ сэргээлгэн жолоочийн түр зөвшөөрлийг хэвлэж олгосон. Мөн үйл ажиллагаа явуулж буй Дархан-Уул аймгийн 18, Орхон аймгийн 19, Сэлэнгэ аймгийн 18 автосургууль, курсын үйл ажиллагааг шалган удирдлагуудтай уулзаж санал бодлыг сонсож алдаа дутагдлаа засах, сургалтын чанарт анхаарах талаар зөвлөмж хүргүүллээ.
Ж.Батсайхан