“Шинь Шинь” ХХК энэ ондоо багтаан монгол ажилчдынхаа цалинг нэмэхээ мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-21 13:55:28
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн удирдлагаас “Шинь шинь” ХХК-д Монгол ажилчдынхаа цалингийн доод хэмжээг нэмэх албан шаардлага хүргүүлжээ. Албан шаардлагын хариуг тус компаниас саяхан ирүүлж, энэ ондоо багтаан монгол ажилчдынхаа цалинг нэмэхээ мэдэгдсэн байна.
Тус компани үйл ажиллагаагаа таван жилийн турш завсарласны эцэст өнгөрсөн оны 11-р сараас ажиллаж эхлээд байгаа юм. Монгол ажилчдын цалин 300-400 мянган төгрөг байсан тухайн үед Засгийн газар, ҮЭ-ийн хороотой байгуулсан гурван талт гэрээ хэлэлцээрийн үр дүнд 2017 оны 4-р сараас эхлэн үндсэн цалингийн доод хэмжээг 480 мянган төгрөг болгожээ. Үүн дээр үр дүн, хээрийн болон цагийн нэмэгдлийг тооцож цалингийн доод хэмжээг 590 мянга болгосон, цаашид цалинг үе шаттай нэмнэ гэдгээ хариу албан бичигтээ тодотгосон байна.
Дорнод аймгийн зүгээс бодлогын түвшиндээ уул уурхайн компаниудтай хэрхэн харилцан ойлголцож ажиллах талаар сонирхоход, “Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусггаснаар Нутгийн захиргааны байгууллага, тухайн сумын Засаг даргатай ашиглалтын зөвшөөрөл бүхий ААН нь орон нутгийн байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих, уурхайн ашиглалттай холбоотой дэд бүтцийг сайжруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр гэрээ байгуулж ажиллана” гэж заасан. Үүний дагуу Засгийн газрын жишиг гэрээний загвар батлагдсан. Энэ гэрээг хэрэгжүүлэх үүргийг Дорнод аймаг дахь уул уурхайн компаниуд биелүүлэхгүй байгаа. Тийм учраас тусгай зөвшөөрлийг нь жил бүр дүгнэж, дүгнэлтээ Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлнэ. Шаардлага хангахгүй бол усгай зөвшөөрлийг сунгахгүй, менежментийн төлөвлөгөөг нь батлахгүй байх ёстой гэсэн байр суурийг тус аймгийн удирдлага илэрхийллээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ