Архангай аймгийн 700 гаруй багш ажилчид ажил хаялтад нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-21 15:05:24
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн багш, өнөөдөр ажилчид сануулах ажил хаялтыг зохион байгууллаа. Архангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 33 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн ажил хаялтанд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 11 сургууль нэгдсэн байна. Харин цэцэрлэгүүдийн тоог гаргаж амжаагүй байгаа ажээ.

Аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд 8 цэцэрлэг, ЕБ-ын  I, III, IV болон спортын сургалттай сургууль, Ирээдүй сургууль цэцэрлэгийн цогцолбор зэрэг 5 сургууль нэгдсэн байна. Сумдаас Цахир, Цэнхэр, Тариат, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал сумдын сургуулиуд нэгджээ. Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагуудын 700 гаруй багш ажилчид нэг өдрийн цалингүй ажил хаялтанд нэгдлээ.

Бусад сургууль, цэцэрлэгийн тухайд энэхүү ажил хаялтанд нэгдэж байгаа ч бэлтгэл ажил хангагдаагүйн улмаас энэ удаад оролцоогүй гэдгийг Архангай аймгийн багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдээллээ. Дараагийн буюу энэ сарын 26-ны сануулах ажил хаялтанд сургууль, цэцэрлэгүүд нэмэгдэж нэгдэх гэнэ.

Цаашид  арбитрын шүүхэд хандаж хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгийг багш ажилчид мэдэгдэж байна.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ