Намар хураан авсан ургацаараа малын тэжээл үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 10:30:40

Говийн хөрсөнд тарьж ургуулсан ургамлаар орон нутагт малын тэжээл үйлдвэрлэж байна. Өнгөрсөн жилийн намар байгуулсан “Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 25 га- д  малын тэжээлийн ургамал тарьж, энэ намар 30 гаруй тонн ургац хураан авснаараа ийнхүү малын багсармал тэжээл үйлдвэрлэж эхэлжээ.

Одоогоор 400 гаруй шуудай тэжээл үйлдвэрээс гарсан байна. Тэжээлийг аймгийн аюулгүйн нөөцөд татан төвлөрүүлэх юм байна.

Орос, монголын эрдэмтэдийн Дундговь аймагт хийсэн тал хээрийн бэлчээрийг тарималаар сайжруулах туршилт, судалгааны ажлын  хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалттайгаар Дэлгэрцогт, Дэрэн сумын нутагт олон наст ургамлын тариалалтын томоохон талбай бий болгож, дэргэд нь малын тэжээлийн үйлдвэр байгуулсан юм.Туршилт, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр “Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан бөгөөд өнгөрөгч хавар анхны бие даасан тариалалтыг Дэрэн сумын нутагт хийж, үүнд орон нутгийн хөгжлийн сангаас 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ирэх жил ч мөн адил орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө зарцуулж, 20 га- гаар тариалалтын талбайг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Ингэж дэмжсэнээр малын тэжээлийн ургамалын тариалалтыг өргөжүүлж, орон нутагтаа малын тэжээл үйлдвэрлэн,  үүнийг түшиглэн үнээний томоохон фермер байгуулахаар зэхэж байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ