Багш нарын урлагийн наадмыг “Мандал” сургуулийнхан тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-25 20:27:37
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн багш нарын урлагийн анхдугаар наадмыг Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн багш нар тэргүүлж, урлагийн авъяас билгээрээ бусдыгаа манлайлсан байна.
Багш нарын урлагийн анхдугаар наадмыг Монголын багш нарын өдөрт зориулсан бөгөөд урлагийн билэг авъяастай,  язгуур урлагийн соёлын биет бус өвийг тээж яваа багш нараа тодруулж, алдаршуулахын зэрэгцээ шавь сургалтын залгамж холбоог сайжруулах зорилгыг агуулж байгаа юм.

Урлагийн анхдугаар наадамд  ЕБС- ын 19 сургууль, 21 цэцэрлэг, МСҮТ- ийн багш нар өөр хоорондоо нэгдэн оролцсон. Нийт 23 баг урлагийн наадмын удирдамжийн дагуух шалгаруулалтад өрсөлдөж, хамгийн өндөр оноог Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн багш нарын хамтлаг авч, анхдугаар наадмын тэргүүн шагналтыг хүртлээ. Удаах байрт МСҮТ, Сайнцагаан сумын “ Хүмүүнлэг” сургууль, 1- р цэцэрлэгийн багш нарын хамтарсан баг шалгарчээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн гурван өдөрт үргэлжилсэн багш нарын урлагийн наадмын тоглолтууд үзэгчдээр дүүрэн байсан. Энэ наадмыг 2 жил тутамд Монголын багш нарын өдрийг тохиолдуулан ийнхүү зохион байгуулахаар болжээ.
 
Т. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ