Дундговь аймгийн 660 гаруй багш ажил хаялтад нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-26 12:04:55
Дундговь /МОНЦАМЭ/. Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагад Засгийн газар хариу өгөөгүйтэй холбогдуулан энэ сарын 21, 26- ны өдөр орон даяар сануулах ажил хаялт хийхээ багш нар мэдэгдсэн. Энэ дагуу өнөөдөр Дундговь аймгийн багш нар ажил хаялтад нэгдэж байна.

Өнгөрөгч 21- ны ажил хаялт Дундговь аймгийн багш нарын урлагийн анхдугаар наадамтай давхацсан, мөн хүүхдийн амь нас эрсэдсэн болон хүүхэд гэмт хэрэгт холбогдсон эмзэг асуудал 2 суманд үүссэн нөхцөл байдлын улмаас  тухайн өдрийн ажил хаялтад тус аймгийн багш нар оролцоогүй юм.

Өнөөдрийн ажил хаялтад Сайнцагаан сумын 2 цэцэрлэг, Сайхан- Овоо, Гурвансайхан сумын багш нараас бусад нийт 670 гаруй багш нэгдсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил хаях тохиолдолд удирдах албан тушаалтанд гурваас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой бөгөөд  Сайнцагаан сумын 6,7- р цэцэрлэгийн багш нарын хувьд ажил хаялтыг дэмжиж байгаа ч энэ тухайгаа удирдлагадаа хуулийн дагуу мэдэгдээгүй. Сайхан- Овоо сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд эзгүй явсан учраас багш нар ажил хаялтад оролцохоо мэдэгдэж чадаагүй гэдэг шалтгаанаар өнөөдрийн ажил хаялтад оролцоогүй байна.  Харин Гурвансайхан сумын багш нарын хувьд тус суманд 13 настай хүүхэд бусдын амь насанд халдсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нөхцөл байдлын улмаас ажил хаялтад оролцохгүйгээ илэрхийлжээ.

 Т. Отгонтуяа
 
 
Холбоотой мэдээ