Дундговийн мал зүйчид мэргэжлийн холбоогоо байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-26 13:10:06
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мал зүйчид мэргэжлийн холбоо байгууллаа. Хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр, аж үйлдвэрүүдээ чанартай түүхий эдээр хангадаг байх эх суурийг мал зүйчид тавина. Энэ үүднээс  нутгийнхаа мал сүргийн ашиг шим, чанарыг сайжруулахад мэргэжил чадвар, арга туршлагаа нэгтгэн ажиллахаар ийнхүү зорьжээ.

Мал зүйчдийн байгуулсан холбоо Монголын Мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны салбар нэгж болж ажиллах юм. Дундговь аймаг 130 гаруй мал зүйчтэй. Тэд салбар холбоондоо нэгдэхээ илэрхийлж, өөрсдийн татвараар холбоогоо санхүүжүүлэхээр болсон юм.  Салбар холбооны тэргүүнээр аймгийн ХХАА- н газрын Мал аж ахуйн албаны мэргэжилтэн Ж. Батбилэгийг санал нэгтэй баталсан бол  удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болгож 9 мал зүйчийг сонгосон юм. Мал зүйчид жил тутамд зөвлөлдөн уулзаж, хийсэн ажлаа тайлагнан, ирэх оны ажлаа төлөвлөдөг байхаар боллоо.

Мал зүйчдийн дийлэнх нь ахмад үеийнхэн хэдий ч тэд тэтгэвэртээ гарсан гээд суулгүй залуу мэргэжилтнийг сургаж бэлдэхэд, Мал үржлийн ажлын аймгийн стратеги төлөвлөгөө, төрөөс мал аж ахуйн талаар баримтлах бодлого, удахгүй батлагдахаар зэхэж байгаа Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад гар бие оролцож, мэргэжил туршлагаа дайчлах боломж холбооны гишүүн болсноор бүрдлээ хэмээн олзуурхаж байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ