Захын хороолол дахь айл өрхүүдийн цахилгааны хангамжийг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-26 19:18:43
Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын зүүн захын хороолол дахь айл өрхүүдийн цахилгааны хангамж сайжирлаа. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 40 сая төгрөг зарцуулсанаар “Малчин” хороололд 6 кв- ын дэд станц шинээр барьж, өнгөрсөн долоо хоногт ашиглалтад хүлээн авав.

Аймгийн төвийн зүүн хэсэгт захлан байршдаг энэ хороололд аж төрдөг айл өрхүүд цахилгааны хүчдэл хүрэлцэхгүйн улмаас цахилгаан хэрэгслээ бүрэн ашиглаж чаддаггүй олон жилийг өнгөрөөсөн юм. Ялангуяа оройн цагаар цахилгааны гачаал айл өрхүүдэд үүсдэг байв. “Малчин” хорооллын цахилгаан хангамжийг сайжруулж, дэд станц байгуулах ажил багагүй хугацаанд яригдсаны эцэст энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад оруулж, тендэр зарласнаар  Улаанбаатар хотын “Мон энержи” ХХК энэ ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгчээ.

Аймгийн төвд шинээр газар өмчлүүлж байгаа бүсийн нэг нь “Малчин” хороолол юм. Цаашид өмчилсөн газартаа иргэд суурьшиж, энэ хороолол өргөжин тэллээ ч гэсэн цахилгаан хангамж хүрэлцээтэй, айл өрхүүдэд олон жил тулгамдаж ирсэн асуудал ийнхүү шийдэгдлээ.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ