Ж. Ганбаатар: Уул уурхайн салбарын тухай иргэдийн ойлголтын зөрүүг арилгах нь хамгийн чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт энэ сарын 26,27-ны өдрүүдэд “Хариуцлагатай уул уурхай орон нутгийн хөгжилд” сэдэвт зүүн бүсийн чуулган амжилттай болж өнгөрлөө. Чуулганд Монгол улсын УУХҮЯ-ыг төлөөлөн оролцсон Уул уурхайн бодлогын газрын дарга Ж. Ганбаатартай чуулган болоод уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал,цаашдын үйл ажиллагааны талаар хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.
- Хариуцлагатай уул уурхай орон нутгийн хөгжилд сэдэвт зүүн бүсийн чуулган амжилттай боллоо. Чуулганы гол ач холбогдол, эндээс та бүхний хүлээж байгаа үр дүн юу вэ?
- Бид энэ чуулганыг дөрвөн бүст хуваан хийж байгаа. Төвийн бүсийн чуулганыг Орхон аймагт, Хөдөлмөрийн аюулгүй байдал чуулганы Уланбаатар хотод зохион байгуулаад байна. Зүүн бүсийн маань чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амжилттай боллоо. Бүсийн чуулганыг зохион байгуулж байгаагийн гол ач холбогдол нь төрийн байгууллага, аймаг орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн холбоод хамтран тус бүсийн тулгамдсан асуудлыг ярилцах, салбарын талаарх ойлголтын зөрүүг арилгах, салбарын цаашдын хөгжлийн бодлого, зорилтын талаар сурталчилан таниулахад чиглэж байгаа юм. Монгол Улсын зүүн бүс нутаг бол эрдэс баялагийн арвин нөөцтэй, геологи хайгуулын ажил харьцангуй сайн хийгдсэн бүс нутаг юм. Өнөөөдрийн байдлаар тус бүс нутагт хайлуур жонш, холимог металл, хүрэн нүүрсний ордууд голлон үйл ажиллагагаа явуулж байна. Эдгээр ордууд нь улс орны сан хөмрөгийг арьижуулах, бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгааг дурьдах нь зөв. Энэ ойлголтыг л бид оролцогчдод үнэн зөвөөр нь хүргэхийг зорьж байна. уул уурхайн салбарын талаарх иргэдийн ташаа ойголтыг залруулах нь бидний гол үр дүн. Ингэж бйаж бидний дараа дараагийн ажлууд явагдах учиртай.
- Монгол орны зүүн бүс нутаг бол эрдэс баялагийн нөөц ихтэй, хайгуулын ажил эрчимтэй явагддаг бүс нутаг гэж та онцолсон. Ер нь манай улс байгалийн нөөц, ашигт малтмал ихтэй орон. Гэтэл яагаад үүнийгээ зөв зохистой ашиглаж чадахгүй байгаа юм. Үүнийгээ ашиглаад зогсонги байдалтай байгаа хөрөнгө оруулалтыг татах боломж байгаа шүү дээ?
- Хамгийн гол нь ашигт малтмалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ёстой байгаа юм. Яаж дээшлүүлэх вэ гэхээр Монгол Улс өөрөө өргөн уудам газар нутагтай, асар их байгалийн баялагтай. Нөөц нь тогтоогдсон хэд хэдэн ордууд байна. Ийм орд зүүн бүс нутагт ч бий. Эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хамгийн нэгдүгээрт бид дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой. Төмөр замтай болох хэрэгтэй байна, цахилгаан хангамжийн асуудлыг бүрэн гүйцэт шийдмээр байна. Цахилгаан хангамжийн асуудал бол зүүн бүс нутагт маш тулгамдсан асуудлын нэг болсон байна. Үүнийг шийдэж чадвал олон үйлдвэрлэлүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм. Үндсэндээ эрчим хүч энэ салбарын хөгжлийг боомилж байна гэж хэлж болно. Ихэнх уурхайнууд өөрийн үндсэн хүчин чадлаар бус эрчим хүчнийхээ хэмжээнд баригдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бол харамсалтай зүйл. Тиймээс бид богино хугацаанд дэд бүтцээ сайжруулах шаардлагатай. Ингэх юм бол энэ улс орон илүү хөгжих бүрэн бололцоотой. Мөн өрсөлдөх чадвар маш их дээшлэх боломж харагдаад байгаа юм.
- Уул уурхайн байгууллагууд төр засаг, орон нутагтайгаа хэрхэн хамтарч ажиллах ёстой юм бэ? Яаж хамтарвал илүү сайн үр дүнд хүрэх вэ?
- Үүн дээр олон сайн жишээ хэлж болно. Бид Сүхбаатар аймгийн Цайрт минераль компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Үнэхээр хүчин чадлаа 100 хувь ашиглаад, аймаг орон нутагтайгаа ч сайн хамтарч ажиллаж байгааг харахад таатай байлаа. Ийм л жишгээр явах ёстой. Цайртын уурхайн хувьд эхний хэдэн жилд олон хүчин зүйлээс шалтгаалж төсөвт их хэмжээгээр хөрөнгө оруулж чадаагүй шүү дээ. Одоо үйл ажиллагаа нь жилээс жилд сайжирч, орон нутаг төр засагтайгаа ойлголцож чадаж байна. Хүмүүс уурхайг шууд мөнгө гэж хараад, нээгдээгүй байхад нь мөнгө нэхээд эхэлдэг. Энэ асуудлыг болих хэрэгтэй байгаа юм. Хоорондоо илүү ойлголцож ярилцан, төсөв төлөвлөгөөгөө маш сайн ярилцаж үйлдвэрийнхээ газруудыг бойжуулах нь их чухал байгаа юм. Ингэж чадалгүй шууд мөнгө гэж харснаас болоод сөрөг үр дагаварт хүрсэн жишээнүүд ч манайд бий.
- Манай улсад, тэр дундаа орон нутагт энэ хариуцлагатай уул уурхай гэх зүйл биеллээ олж чадаж байгаа юу?
- Улсын хэмжээнд Оюу толгойгоос эхлээд биеллээ олж байгаа төслүүд бий. Гэхдээ уул уурхайн хуулийн үндсэн гол концепц бол өнөөдрийн хувьд нийгмийн хариуцлагатай, орон нутагтаа бүх дэмжлэг туслалцаагаа үзүүлдэг, ажилтандаа хангалттай цалин өгдөг, хүний ажиллах орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлдэг ийм л сайн төслийг уул уурхайн яам дэмжинэ гэж байгаа юм. Эдийн засгийн үр ашиггүй төслийг бид явуулахгүй, магадгүй түүнийг 20, 30 жилийн дараа технологийн дэвшлээр бидний үр хүүхдүүд олборлох ёстой юм. Бид ийм л зарчмаар ажилладаг.
- Сүхбаатар аймгийн хувьд энэ оны байдлаар 122 хайгуулын зөвшөөрлийг 78 аж ахуйн нэгжид олгосон байна л даа. Харин иргэд үүнийг шууд газар нутгаа зарсан гэж хараад байгаа юм. Ер нь иргэд маань хайгуул, ашиглалт хоёроо ялгахгүйн улмаас энэ салбарын талаар маш сөрөг ойлголттой байдаг юм шиг санагддаг?
- Яг үнэн. Хайгуул, ашиглалт хоёрыг манай иргэд ялгаж сурах хэрэгтэй байгаа юм. Хайгуул хийсэн газар болгоноо ашиглана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Зарим нь эдийн засгийн үр ашиггүй байж болно. Тийм тохиолдолд түүнийг орхиод 100 жилийн дараа ч ашиглахад болохгүй гэх зүйлгүй. Ер нь манайхан хайгуулын зөвшөөрөл өгсөн л бол энийг шууд ухна гэж ойлгоод байдаг. Энэ бол хамгийн буруу зүйл байгаа юм. Өнөөдөр Монгол Улс хайгуулаа дэмжээд, бид газрынхаа хөрсөнд яг юутай юм гэдгийг мэдэх нь хамгийн чухал. Тэгээд үүн дээрээ бодлогоо гаргах ёстой. Улс орны эдийн засаг хэдий хүнд байгаа ч бид төр засгийн дэмжлэгтэйгээр геологийн урьчдилсан суурь судалгааны ажлыг хийж бйана. Энэ маань үндсэндээ дараа дараагийн том том ордуудыг бий болгохын төлөө зорьж байгаа бодлого. Геологийн бодлого сайн явсанаар үүнийг дагаад уул уурхайн үйлдвэрлэлийн төслүүд, хүнд үйлдвэр маань хөгжих суурь тавигдаж байгаа юм.
- Энэ удаагийн бүсийн чуулганд үе үеийн уурхайчдын төлөөлөл 200 орчим хүн оролцсон. Оролцогчдоос уул уурхайн салбартай холбоотой маш олон саналууд гарлаа шүү дээ. Эдгээр саналууд та бүхний бодлого, чиглэлд хэр зэрэг нөлөөлж чадах вэ?
- Манай уул уурхайн салбарт ойлголтын зөрүү асар их байгаа. Ер нь бүхий л зүйл хуультай, өөрийн гэсэн дүрэм журамтэй. Бид үүнийхээ дагуу л ажилладаг. Хүмүүсийн ойлготыг хараад байхад хууль бус олборлолт хийж байгаа хүмүүс, хуулийн дагуу ашигт малтмалын олборлолт хийж байгаа хүмүүс хоёроо ялгаж салгаж чадахгүй ерөөсөө л уул уурхай гэдэг бол болохгүй бүтэхгүй зүйл гээд үнэхээр буруу ойлголттой байна. Нийгэм маань ч гэсэн уул уурхайгаа дэндүү их харлуулж байна. Үнэндээ бид өнөөдөр уул уурхайгүй бол амьдарч чадахгүй. Та бидний амьдарч байгаа байр, эдэлж хэрэглэж байгаа зүйлс, унаа машин, гар утас гээд бүгд л уул уурхайн бүтээгдэхүүн шүү дээ. Бидний гэрэл цахилгаан чинь нүүрс шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн энэ нийгэмд ашигт малтмалаа оролцуулахгүйгээр амьдрах боломж үнэндээ байхгүй. Бид үүнээс татгалзах ч аргагүй. Тиймээс үүнийг иргэдэд ойлгуулаад, илүү хариуцлагатайгаар л явах ёстой.
- Тэгвэл иргэдэд энэ зөв ойлголтыг өгөхийн тулд яах ёстой вэ?
- Бидний эхний зорилго бол дарга нарт энэ ойлголтыг өгөх. Бүсийн чуулганы гол зорилго энэ. Аймаг сумдын засаг дарга, ИТХ-ын дарга нар, дээрээс нь байгаль орчны байцаагчид өөрсдөө эхлээд зөв ойлголттой байх ёстой. Түүнээс биш Монгол Улсын бүх хүн амд энэ ойлголтыг бүрэн өгөөд, дараа нь ажлаа явуулна гэвэл хүндрэлтэй. Тиймээс бид өөр арга замыг хайж байна. Жишээ нь, манай яамнаас шинжлэх ухааны хялбаршуулсан арван ангит кино хийж байгаа. Маш энгийн, хялбарчилсан байдлаар уул уурхайн салбарын үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах кино гэж хэлж болно. Энэ бүтээл иргэдэд хүрсэнээр уул уурхайн салбарын болоод үүний ач холбогдлын талаарх иргэдийн ойлголт наашилна гэж итгэж байгаа.
- Сүхбаатар аймгийн хувьд уул уурхайн салбарын үйл ажиллагаа бусад аймгуудтай харьцулахад ямар түвшинд байдаг юм бэ.?
- Сүхбаатар аймаг бол уул уурхайн хувьд эртний түүхтэй аймаг. Тэр ч утгаараа иргэдэд энэ салбар илүү ойр байдаг байх гэж би боддог. Ашигт малтмалын хувьд өнгөт төмөрлөг талруугаа ордуудтай, хайгуул боломжийн хэмжээнд хийгдчихсэн онцлогтой. Цаашид энэ аймагт боловсруулах үйлдвэр барих юм бол өрсөлдөх чадвар нь улам дээшлэх боломжтой. Энэ талаар манай ахмадууд ч чуулганы үеэр хэлж байна. Ингэхийн тулд нөгөө л яриад байгаа эрчим хүч, дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой. Гэхдээ аймаг орон нутгийн зүгээс үүнрүү чиглэсэн ажил арга хэжмээг авч эхэлсэнд баяртай байгаа.
- Ярилцлагын төгсгөлд Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулбал?
- Манай уул уурхайн салбарт хоёр том жигүүр байдаг. Нэг нь гадны хөрөнгө оруулалт. Манай том төслүүд асар өндөр зардалтай явдаг болохоор бид өөрсдийн төсвөөр уурхай нээж ажиллуулахад үнэхээр хүндрэлтэй. Хайгуулаасаа эхлээд маш өндөр зардалтай бизнес. Тэгэхээр үүнийг бид эртнээс л гадны хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж явуулж ирсэн. Бидний хувьд хөрөнгө оруулалт гэдэг бол маш чухал зүйл. 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Тэр үед Монгол Улсад таван тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан. Харин өнөөдрийн хувьд хөрөнгө оруулалт байхгүйтэй адилхан хэмжээнд очсон байна. Тиймээс хөрөнгө оруулалтаа засах үүднээс маш олон хууль гарч байна, өөр ажлууд ч багагүй хийгдээд явж байна. Дараагийн асуудал бол олон нийтийн дэмжлэг байдаг. Энэ бас л чухал зүйл. Олон нийтийн дэмжлэгийг авах үүднээс бид дөрвөн бүсийн зөвлөлгөөнийг хийж байгаа юм. Энэ зөвлөлгөөнөөр орон нутагт байгаа хүмүүст зөв ойлголт өгөх нь хамгийн чухал.энэ салбарын хууль эрхзүйн орчин нь ямар байгаа юм, улс эх оронд уул уурхайн салбар хэрхэн нөлөөлж байгаа юм гэдэг бодит байдлыг, төрийнхөө бодлого чиглэлийг газар дээр нь ирж орон нутгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүст үнэн зөв мэдээллийг өгөх нь чуулганы гол зорилго. Бид ч зорилгоо биелүүллээ гэж үзэж байгаа.
- Баярлалаа
Т. Одончимэг