Аудитын шалгалтаар 200 гаруй сая төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 13:26:54

Сэлэнгэ аймгийн Аудитын газраас "Засгийн газрын тусгай сангийн 2014 оны үйл ажиллагааны үр дүн" сэдэвт нийцлийн аудит хийж гүйцэтгэжээ.

Уг аудитад Авто замын сан, дархлаажуулалтын сан, соёл урлаг хөгжүүлэх сангууд хамрагдсан байна. Нийцлийн аудитаар Сэлэнгэ аймаг нь авто замын сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, захиран зарцуулах журам гаргаж мөрдөөгүй, хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй, зориулалт бусаар зарцуулсан зэргээр Монгол Улсын Авто замын тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд илэрсэн байна гэсэн ерөнхий дүгнэлт өгөгдлөө. Тухайлбал, аймгийн замын санд төвлөрүүлэн зарцуулбал зохих 616.4 сая төгрөгөөс 413.4 сая төгрөгийг зориулалтын дагуу төвлөрүүлэн зарцуулж бусад 203.0 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байгаа аж. Мөн Соёл, урлаг хөгжүүлэх сангийн санхүүжилтийн 2.0 сая төгрөгөөр аймгийн Нэгдсэн музей нь Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны захирагч Лувсанхайдавын эхнэрийн хэрэглэж байсан гэх хүзүүний зүүлт, бугуйвчийн хослолыг түүхэн эд өлгийн зүйл гэдгийг нотлох баримтгүйгээр Сүхбаатар сумын иргэн н. Бадарчийн өөрийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн худалдан авсан зэрэг нийт 236.4 сая төгрөгийн зөрчил илэрчээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ