МОНЦАМЭ агентлагийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч төрийн одонгоор энгэрээ мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-09-29 16:40:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч Д.Мишигсүрэн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнууллаа.

Түүний сэтгүүл зүй болон утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү шагналаар шагнажээ.

Тэрбээр 2007 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бөгөөд  “Балгасын улаан нуур”-ын эко системийг хамгаалах сэдвээр хөндөж бичсэн сэтгүүл зүйн нийтлэлүүд нь уг нуурыг уул уурхайд ашиглах Засгийн газрын тогтоолыг зогсоож байгаль орчин, нутаг орондоо сэтгүүлчийн хувьд өөрийн хувь нэмрээ оруулжээ.

Д.Мишигсүрэн 2012 оноос МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь Утга зохиолын нэгдлийн даргаар ажиллаж байна. 2011 онд “Саранд би хүслээ шивнэсэн”, 2013 онд “Ертөнцийн өнгө”, 2016 онд “Ер бус ертөнц” зэрэг яруу найргийн номоо уншигчдын хүртээл болгосон юм.  2010 онд “Эгшиглэнт говь” яруу найргийн цомын эзэн болсноос гадна хайрын шүлгийн наадмын тэргүүн байранд шалгарч байв.

Үүний зэрэгцээ тэрбээр орон гэргүй иргэдийг гэртэй болгох, номын аян өрнүүлэн хүүхдүүдэд болон сумдын номын сангуудад ном хандивлах зэргээр хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн утга зохиолынхоо салбарын үйл ажиллагааг чанаржуулан ажиллаж байгаа бөгөөд энэ жил говийн бүсийн дөрвөн аймгийн “Говийн эгшиг” зохиолчдын уулзалтыг анх удаа тус аймагт зохион байгуулжээ.

Дашрамд мэдээлэхэд, 1947 онд тус аймгийн “Утга зохиолын бүлгэм”-ийг Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал байгуулан удирдаж байсан бол өдгөө “Утга зохиолын нэгдэл” нэртэй болж, манай сурвалжлагч Д.Мишигсүрэн хоёрдахь эмэгтэй даргаар  ажиллаж байна. 

 
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ