Сая төгрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-02 13:59:18
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойн хүрээнд тус аймгийн ИТХ-аас “Эссэ” бичлэгийн уралдааныг зарлалаа.

Уралдаан аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчид, иргэд, ЕБС-ийн сурагчид гэсэн 4 ангиллаар явагдах бөгөөд эссэ бичлэгийг 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүлээн  авах аж.

Уралдааны шагналын сан нь  1 сая төгрөг бөгөөд хамрах хүрээ, чиглэлийн хувьд Ардчилал, шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны хурлын өнөөгийн төлөв байдал, хууль эрхзүйн орчинд дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн хандлагад ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага байгаа, үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнээс алдагдсан эрх хэмжээ юу болох, нутгийн өөрөө удирдах байгууллагын улс орон, нутгийн хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг үнэлэх, судалж таниулахад орших  юм. 

Энэхүү эссэ бичлэгийн уралдаан нь  Монгол Улсад Нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсан Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүх шатны Хурлын байгууллага, сонгогдсон Төлөөлөгчийн ажлыг сурталчлах, нутгийн өөрөө удирдах ёсны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой аж. 

Уралдааны удирдамжийг www.Khentii khural.mn  сайтаас харах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг  7056-2307, 7056-2085, 9601-0010, 9978-5453 утаснаас лавлаарай.
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ