“Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийн талаар олон нийтэд сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-10-02 14:31:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийн хүрээнд Олон улсын зорилтуудыг сурталчлах зорилго бүхий НҮБ-ын автобус өчигөр хотоор аялж, хэд хэдэн газруудад олон нийтэд танилцууллаа.

Энэхүү автобус нь хотын төвөөс Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол руу замдаа хэд хэдэн газар зогсож Монгол Улсын хөгжилд олон нийт ямар үүрэгтэй талаар тэдний ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулав. 

2015 онд Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэлхийн удирдагчид хамтран баталж 2030 он гэхэд хүн бүр ядуурлаас ангижирсан, тайван амьдарч, байгаль дэлхийтэйгээ зохистой амьдрах дэлхий ертөнцийг бий болгох алсын зорилгыг дэвшүүлсэн. Энэ нь маш том зорилт учраас хүн бүр оролцож, хувь нэмрээ оруулсан тохиолдолд биелэх юм. Тухайлбал, Засгийн газраас эхлээд олон нийт, иргэний нийгэм,  хувийн хэвшлээс хөдөөгийн малчид хүртэл бүгд оролцох ёстой. Олон нийтийн  энэхүү оролцоог дэмжих зорилгоор НҮБ-аас  хувь хүний хийж болох зүйлсийн талаар танилцуулга гаргасан бөгөөд  үүнд хүн бүр өөрийн улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж болох хялбар аргуудын тухай зааварчилгааг багтаасан юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Бийте Транкманн олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, “Дэлхийн хамгийн том сорилтуудыг ард иргэдийн дэмжлэгтэй шийдэж чаддаг. Хүмүүсийн үйлдэл, сонголт, зан үйл нь өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа өөрчлөлтийг авчрах хүчтэй юм. Үйл ажиллагааны зорилтууд нэгэнт гарсан учраас одоо үүнийг хэрэгжүүлж эхлэцгээе гэж уриалж байна. Энэ зорилтод хүрэхийн тулд бид өөрсдийнхээ ашиглаж ирсэн амьдралын хэв маяг, зан үйл, үйлдвэрлэл, хэрэглээ, хөрөнгө оруулалт, биенесийн зарчмаа  өөрчлөх ёстой. Ийм үйлдэл бүр бодит өөрчлөлтийг авчирна” гэв.




Энэхүү сурталчилгааны автобус нь НҮБ-аас 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд олон нийтийн оролцоог дайчлах үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсад явуулж буй сурталчилгааны томоохон кампанит ажлыг нэг хэсэг юм.

Энэ хүрээнд Монголын залуу графитти зураачид НҮБ-ын гаднах хашаан дээр зураг зурснаас гадна нийгмийн сүлжээгээр дамжуулан Олон улсын зорилтуудыг дэмжихийг олон нийтэд уриаллаа.

Ж.Болор
Холбоотой мэдээ