Төрийн үйлчилгээг ил тод болгох ISO 9001 гэрчилгээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-11 12:40:06

Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ) энэ оны 10 дугаар сарын 26-нд Франц Улсын баталгаажуулалтын байгууллага (AFNOR)-аас ISO 9001 гэрчилгээ авчээ.Энэ талаар өнөөдөр Шадар сайд Ц.Оюунбаатар, СХЗГ-ын дарга Т.Гантөмөр нар мэдээлэл хийлээ.

AFNOR-аас олгодог ISO 9001 гэрчилгээ нь төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай болгох, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой юм. СХЗГ энэхүү зорилгыг бүрэн хэрэгжүүлж, AFNOR-аас ISO 9001 гэрчилгээ авсан байна. Энэ нь Монгол Улсад олон улсын стандартын гэрчилгээ авч байгаа анхны тохиолдол бөгөөд Ази тивд хоёрт орж байгаа томоохон амжилт юм хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Засгийн газраас төрийн байгуулагуудад чанарын удирдлагын системийг шат дараатайгаар нэвтрүүлэх иж бүрэн төлөвлөгөө баталсан бөгөөд энэ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, ил тод, нээлттэй, авлига авдаггүй, өгдөггүй байх зорилготой аж. СХЗГ уг төлөвлөгөөний дагуу өөрийн үйл ажиллагаандаа ISO 9001 стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр томоохон алхам гаргасан хэмээн СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хэллээ.

Тэрбээр, АТГ-аас гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээгээр манай байгууллага 2013 онд 20 дугаар байрт орж байсан. Стандартыг хэрэгжүүлснээр 2014 онд 2 дугаар байрт орсон. Түүнчлэн энэ онд архив, төрийн албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт 96.5 хувийн үнэлгээ авсан. Цаашдаа бусад төрийн байгууллагуудад энэ стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, туршлага хуваалцах чиглэлээр ажиллах болно” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ