Хууль бус олборлолтыг таслан зогсоох, илрүүлэх шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-09 10:15:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ удаа “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аяныг сарын хугацаанд зохион байгуулж, ашигт малтмалын хууль бус олборлолтыг таслан зогсооход чиглэсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аяны хүрээнд хийгдэж буй удаа дараагийн хяналт шалгалтаар зарим иргэн хууль бусаар олборлолт явуулах, техник хэрэгслээ нуун далдлах, зугтаалгах зэрэг зөрчлүүдийг илрүүлэн ажиллажээ. Тухайлбал Мандал сумын “Сүүжийн ам” гэх газарт хууль бусаар олборлолт явуулж байсан иргэн н.Ганхүү, н.Бек гэх иргэд ашиглаж байсан техник хэрэгслээ нуун далдлах, зугтаалгаж хяналт шалгалтаас зайлсхийсэн зөрчил гаргасан байна.
Мөн тус сумын “Гахайтын ам”-нд иргэн н.Хүрэлтогоо гэгч хууль бусаар голын эрэгт шинээр олборлолт явуулсан нь илэрчээ. Иймээс зөрчил гаргасан дээрх иргэдийн хууль бус үйл ажиллагааг зогсоож зөрчлийг шалгуулахаар зөрчил шалган шийдвэрлэх хуулийн заалтыг үндэслэн аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ