АНУ-ын эрх баригчид Оросын телевизийн RT сувагт дарамт шахалт үзүүлж байгаа нь адилхан хариу арга хэмжээ авахад хүргэж байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-09 10:46:12
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын эрх баригчид Оросын телевизийн RT сувагт дарамт шахалт үзүүлж байгаа нь Оросын зүгээс Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн талаар адилхан хариу арга хэмжээ авахад хүргэж байна гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова телевизийн “НТВ” сувгийн нэвтрүүлэгт ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.                
 
Оросын телевизийн RT суваг руу захиргааны болон сурталчилгааны бүх хэрэгслийг ашиглан дайралт хийж байгаа нь үйл ажиллагааг нь хяхан хязгаарлаж буй хэрэг бөгөөд Орос дахь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаар ОХУ адилхан арга хэмжээ авч болохыг харуулж байна гэж Захарова мэдэгджээ.
 
Орос дахь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь төрийн юм уу хувийн өмчлөлд байгаа эсэх нь бидний хувьд огт ялгаагүй бөгөөд хариу үйлдэл адилхан байх болно гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлсэн байна. Түүний хэлснээр, ОХУ-ын төр болон гадаад хэргийн яам гадаадын сэтгүүлчдэд дарамт юм уу улс төрийн нөлөө үзүүлэх зорилгоор хууль тогтоомжоо хэзээ ч ашиглаж байгаагүй ажээ.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ