Цэргийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-09 13:06:59
МОСКВА. /ТАСС/. Саудын Арави болон Орос улс цэргийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бодолтой байна Саудын Аравийн гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр даваа гарагт Оросын “Известия” сонинд нийтлэгдсэн ярилцлагдаа мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, "Хоёр улсын цэргийн салбарын хамтын ажиллагаа хөгжинө. Цэргийн техник худалдан авах тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсны дараа хамтын ажиллагаа улам эрчимжиж, урт удаан хугацааны шинжтэй болно” гэж Саудын Аравийн сайд ярьсан байна.
 
Саудын Аравийн эзэн хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудын аравдугаар сарын 5-8-нд ОХУ-д хийсэн төрийн айлчлалын дүнгээр Оросын “Рособоронэкспорт” компани болон Саудын Аравийн цэргийн аж үйлдвэрийн компани цэргийн зориулалттай бүтээгдэхүүн худалдан авах болон нутагшуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Түүнээс гадна тус хоёр компани тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  ерөнхий нөхцөлөөр Саудын Аравид Калашниковын АК 103 автомат буу болон янз бүрийн зориулалттай сумны үйлдвэрлэл зохион байгуулах тухай гэрээ байгуулсан аж.
 
ОХУ-ын засгийн газрын орлогч дарга РФ Дмитрий Рогозин Саудын Аравийн төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан өмнө нь ярьж байснаар, Саудын Аравийн эрх баригчид Оросын С-400 пуужингийн цогцолбор худалдан авах сонирхолтой байсан гэнэ. Саудын Аравийн хэвлэлд хожим нь мэдээлснээр, ийм цогцолбор худалдан авах тухай гэрээ байгуулсан аж. Гэхдээ Оросын тал гэрээ байгуулагдсан болохыг хараахан батлаагүй байгаа юм.  
Л.Батбаяр
Холбоотой мэдээ