Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс гарах нь АНУ-ын хувьд хор уршигтай гэжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-10 09:35:02
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөг Иран улс биелүүлж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг ойлгохыг хүсэхгүй байгаа нь АНУ ба Европын эвсэл суларч, Иран, Орос, Хятадын байр суурь хүчтэй болох уршигтай юм гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч асан Уэнди Шерман “Нью-Йорк Таймс” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.
 
"Цөмийн асуудлаархи энэхүү хэлцэл нь хэрэгжиж, цөмийн зэвсэгтэй болоход чиглэсэн Иран улсын үйл ажиллагааг тогтоон барьж байгаагаараа Америкийн үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа нь үнэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь ихээхэн хор уршигтай байх болно. Хэлэлцээрээс гарах тухай шийдвэр гарлаа гэхэд энэ нь Америкийн түншүүдийн итгэлийг алдаруулж, манай улсыг ганцаардуулна. АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад зэрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улсууд, Герман болон Европын Холбоо уг хэлэлцээрийг зөвшилцсөн бөгөөд дараа нь түүнийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл бүрэн бүрэлдхүүнээрээ баталсан билээ. АНУ-аас бусад бүх тал энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр хэвээр байлгахыг хүсч байна” гэж Уэнди Шерман онцлон тэмдэглэсэн байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг баримт бичгийг нэг бус удаа шүүмжилж, тохиролцоогоо хэрэгжүүлэхгүй байна хэмээн Иран улсыг буруутгаж байсан юм.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ