“Ахмад-2017" урлаг, спортын анхдугаар их наадам өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-10 10:37:09
Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Ахмад-2017" урлаг, спортын анхдугаар их наадам Арвайхээр хотноо болж өндөрлөлөө. Өнгөрсөн 5 сараас эхлэн урлагийн зургаа, спортын таван төрлөөр гурван үе шаттай явагдаж буй наадмын үйл ажиллагаанд нийт 4300 гаруй ахмадууд оролцон өрсөлдсөн бөгөөд бүс бүсээс шалгарсан 330 гаруй урлаг, спортын авьяастнууд Гала буюу III шатны их наадамд оролцсон юм.
Наадмын спортын төрөлд 330 ахмад настан хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж, төвийн бүс буюу Арвайхээр сум 28 оноогоор 1-р байр, хангайн бүсийн баг, тамирчид 38 оноогоор 2-р байр, говийн бүсийн баг, тамирчид 54 оноогоор 3-р байр тус тус эзэллээ. Урлагийн төрөлд төвийн бүс 16 оноогоор 1-р байр, хангайн бүс 16 оноогоор 2-р байр, говийн бүс 16 оноогоор 3-р байр эзэлжээ.
Нийлбэр дүнгээр Арвайхээр сумын баг, тамирчид тэргүүн байранд шалгарч, цом, өргөмжлөл, 700 мянган төгрөг, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумын баг тамирчид удаалан цом, өргөмжлөл, 600 мянган төгрөг, Гучин-Ус, Богд, Төгрөг, Баянгол, Баруунбаян-Улаан сумын баг, тамирчид гуравт орж цом, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр тус тус шагнуулсан байна.
“Ахмадаа дээдлэх жил”-ийн хүрээнд ахмад үеийнхний урлаг, спортын далд нөөц, авьяас чадварыг илрүүлж, нийтийн хүртээл болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг, спортын амжилтыг ахиулан, алдаршуулах зорилготой тус наадмыг гурван жилд нэг удаа уламжлал болгон явуулж байх саналыг ахмадууд орон нутгийн удирдлагуудад тавилаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ