Өндөрхаан Хайрханы овоог сэргээн засварлах ажил дундаа оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:58:04

Энэ оны 4,5 –р сараас эхлэн явагдсан Хэнтий аймгийн Өндөрхаан хайрханы овоог сэргээн засварлах үйл ажиллагааны гол овооны сэргээн засварлалт 60-70 хувь гүйцэтгэлтэй байгаа аж.

Энэхүү үйл ажиллагааг Өндөрхаан уулын хишиг ТББ-н удирдах зөвлөлөөс санаачлан эхлүүлсэн бөгөөд ивээн тэтгэсэн төрийн болон аж ахуйн нэгж байгууллага иргэдийн оролцоотойгоор 9 сарын 1 ний байдлаар нийт 11404000 төгрөг цугларчээ. Одоогоор байгалийн боржин чулуугаар сийлж бүтээсэн 10*80*60 см хэмжээтэй 8 тахил, 100*30*40см хэмжээтэй бадамлянхуа сийлбэр бүхий 8 тахилын суурийг урлахдаа 1.6-2 см гүн ухаж сийлбэрлэн,  хайрханы сахиусыг нар хур салхинаас хамгаалах вакум гүнгэрваа зэргийг шинээр бүтээсэн бөгөөд урьдчилгаа төлбөрт 9936000 төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.

Хайрханыхаа гол овоонд  Өндөрхаан хайрханы  хуучин сахиусыг залж,  уулын савдгийг  бодит байдлаар шинээр бүтээн залж,  хуучин овооны зах ирмэгийг өөрийнх нь чулуугаар өндөрлөн засаж  3.5-4 метрийн өндөртэй /овооны нийт өндөр нь/  хөндлөн огтлолын талбай нь 8 метр, овооны суурь газраас дээш 1.2-1.5 метрийн өндөртэй үүндээ 8 тахилаа ертөнцийн 4 зүг 8 зовхист шүтэлцүүлэн байрлуулж, овоог тойрсон сүсэгтэн явах зам нь 1.5 метрийн өргөнтэй сэргээн засварлах ажээ.

Мөн хайрханы гол овоог өөрийнх нь чулуугаар, хийгдсэн зураг төслийн дагуу овооны сүншиг бумба  тэргүүтнийг хөндөхгүйгээр хэлбэржүүлэн сэргээх үйл ажиллагааг мэргэжлийн болон орон нутгийн иргэдээс бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон хийхээр гэрээ байгуулан ажилдаа ороход бэлэн боллоо.

Хан Хэнтийн ард иргэдийн шүтээн болсон, их эзэн  богд Чингис хааны алтан ургийн өндөр их хаадын өлгий болсон уг хайрханыг улам дээдлэн шүтэх зан заншлыг үр хүүхэд залуу үедээ уламжлуулан үлдээх, нутаг усаа хайрлан дээдэлж, удам угсаагаараа бахархах үзлийг оюун санаанд нь төлөвшүүлэн үлдээх зорилготой аж.

Одоо 8 тахилын урлангийн ажиллагаа дуусч байгаа тул уг тахилыг бүтээхэд бие  сэтгэлээрээ оролцсон хүмүүсийг тахилыг амилуулах  зан үйл буюу тахил дээр амилуулах тарнийг бичин сийлэх бөгөөд ивээн тэтгэсэн байгууллага хамт олон иргэдийн нэрийг сийлэн хайрханы овоонд мөнхжүүлэн залах ажил үлдлээ.

Овооны өмнөд хэсэгт 12 метрийн хөндлөн огтлолтой тайлга тахилгын зан үйлд зориулсан гантиган суудалтай,  идээ ундаа шүүс тавих тавцан бүхий  байгалийн чулуун хүндэтгэлийн талбайг шинээр хийх бөгөөд чулууг хөдөлгөөнгүй бэхлэхдээ дээр үеэс уламжлагдан ирсэн элс шохойн лагшингийн холимгоор цемент оруулалгүй бэхжүүлэн хийхээр төлөвлөжээ.

Мөн овоо тахих заншлын дагуу эмэгтэйчүүд хүүхдүүд хайрханы оройд гардаггүй уламжлалыг хүндэтгэн эх хүүхдийн овоог дээрх овооноос арай бага овор хэмжээтэй мөн 8 тахилтай оройд нь соёмбо залсан, сүүдрэвч сандал бүхий амрах хэсэгтэй, овооны хэмжээнд тохирсон хүндэтгэлийн тавцантай бага овоог шинэчлэн сэргээх зорилготойн гадна суваргын орчныг сэргээн засаж суваргаруу гарах огцом эгц хэсэгт бариул бүхий 30 гаруй гишгүүр шат хийх зэрэг ажлууд энэ онд хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан хийгдэх боломжгүй бөгөөд ирэх онд үргэлжлүүлэн сэргээхээр төлөвлөөд байгаа аж.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ