Биндэр сумын нутагт ховор ан амьтныг хууль бусаар агнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 00:07:25

Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн иргэн Ж нь өнгөрсөн сарын 23, 24-ний өдөр тус сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, мөн агнахыг хориглосон  халиун бугыг хууль бусаар агнаж, амьтны эд эрхтэнг нь Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд худалдсан гэмт хэргийг илрүүлжээ.

Энэхүү зөрчлийг аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтад ажилласан цагдаагийн алба хаагчид зөрчлийг  шуурхай илрүүлсэн аж.

Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан, худалдаж авсан хүмүүсээс бугын эвэр 2, бор гөрөөсний эвэр 1, чонын арьс 3, зэвэг загас 10 ширхэг, гахайн мах 2 хэсэг, 7 ширхэг ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авсан бөгөөд хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Иймд иргэд та бүхэн хууль бус ан агнуур, мод бэлтгэл, худалдааны талаар мэдсэн, сонссон даруйдаа мэдээ мэдээлэл өгч, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн Газраас анхаарууллаа.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ